ӨНӨӨДӨР ЭХ ХЭЛНИЙ БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
2025.05.04

ӨНӨӨДӨР ЭХ ХЭЛНИЙ БАЯРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Их эзэн Чингис хааны соёрхсон Монгол төрийн бичиг хэрэглэсний 800 жилийн ойг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2004 онд тэмдэглэж эхэлснээс хойш Үндэсний бичиг үсгийн баярыг жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт тэмдэглэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 144 дүгээр захирамжаар Монгол хэлний тухай хуулийг нэгдсэн зохицуулалтаар хангах Ажлын хэсгийн ахлагчаар тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны сайд миний бие ажиллаж байв.
“Монгол бичгийн үндэсний 3 дугаар хөтөлбөр”-ийн 4 зорилт, 69 үйл ажиллагааны биелэлтийг ханган

141,000 төрийн албан хаагчаас Монгол бичгийн сорилго авч, 21 аймаг, 330 сумын 4500 орчим төрийн байгууллагын ажилчдын үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойллоо. Уг судалгаагаар нийт албан хаагчдын 53,6 хувь нь үндэсний бичигт шилжихэд бэлэн гэсэн дүгнэлт гарч байлаа.

Үндэсний бичгээр цахимд бичих арга зүй гарын авлагыг боловсруулж, хэвлүүлэн сургалтад ашиглаж эхэлсэн. Цахимаар монгол бичиг бие даан суралцах аппликейшнийг хөгжүүлж, зөвхөн нэг удаагийн тестийн шалгалтаар монгол бичгийн мэдлэг, чадварыг үнэлэх бус, харин анхан, дунд, ахисан түвшний сургалтуудад хамрагдаж түвшин ахисан байдлыг үнэлгээнд харгалзан үздэг байхыг зорих болсон билээ.

Монгол хэлний компьютерын орчны тогтолцоо, тооцоолох хэрэгслийн гарын товчлуур дээрх монгол бичгийн үсэг, тэмдэгтийн байршлуудыг Стандарт, хэмжил зүйн газраар батлууллаа.

Албан бичгээ дээрх стандартын дагуу хэвлэмэл хуудас дээр Монгол бичгээр үйлдэж буй төрийн байгууллагуудын тоо нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймаг албан бичгээ үндэсний бичгээр туршиж эхэлжээ. Үүний зэрэгцээ төрийн албан хаагчид нэрийн хуудсаа Монгол бичгээр бичиж, ашиглах нь түгээмэл болж байгаа нь сайн хэрэг юм.
Монгол бичгийн юникод стандартыг боловсронгуй болгох, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “Монгол бичгийн юникод стандартын техникийн дүрмийн орчуулга”, "Монгол бичгийн юникод стандартын үсгийн хэлбэр хувирлын сонголтын дүрэм”-ийг боловсруулсан.

Монгол бичгээр нийтэд нээлттэй 20 гаруй сайт, 8 цахим толь бичиг, 80 гаруй нүүр номын групп, пэйж хуудас, инстаграм хуудас бий болжээ. Тэдгээрт идэвхтэй ханддаг гишүүдийн тоо 570 000 иргэн байна. Хүмүүн бичиг сонин 7 хоног тутам, Уламжлал сэтгүүл улирал тутам тус тус хэвлэгдэн гарч байна.

Монгол хэлний хуулийн дагуу төрийн болон нутгийн захиргааны байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах, үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих дунд болон урт хугацааны хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хуулийг дагаж мөрдөж эхэллээ.
Төрийн албан хаагчдад зориулсан Монгол бичгийн сургалтын хөтөлбөрийн дагуу сургагч багш нарын тусламжтай нийт албан хаагчдад үндэсний бичгээ сургахад байгууллагын удирдлагууд идэвх зүтгэл гарган оролцох шаардлагатай байгаа нь шат шатны судалгаагаар тогтоогдсон.

Иймээс монгол хэлний тухай хуулийн дагуу иргэн бүр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг энэ өдөр УРИАЛЖ байна. Монгол үндэстэн, Монгол Улс, Монгол хүмүүн оршин тогтнохын үндсийн үндэс нь Монгол газар нутаг, Монгол хэл, бичиг, түүх соёл минь мөнөөсөө мөн билээ. Бидний өвөг дээдсийн олон зуунд бүтээсэн гайхамшигт өв “үндэсний бичгээ” Монгол хүн бүр шамдан сурцгаая.

Сэтгүүлч

, Б.Хонгорсайхан