"Хэлмэгдэгсдийн хөшөө"-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
2014.09.10

"Хэлмэгдэгсдийн хөшөө"-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүд, Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид болон хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн “Хэлмэгдэгсдийн хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хэлмэгдэлтэд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэсээр ирсэн юм.

Түүнчлэн Улсын Их Хурлаас 1998 онд баталсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэл хэлмэгдэгсэд, тэдний төрөл төрөгсөд болох 18036 хүнд 16 тэрбум 247,4 сая төгрөгийн нөхөх олговрыг төрөөс олгоод байна. Зөвхөн энэ оны эхний 8 сард 34 иргэн 33 сая төгрөгийн нөхөх олговор авчээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.