Ц.Отгонбагана: Цэцэрлэгт бүртгүүлэхэд шинжилгээний бичиг хэрэггүй
МҮОНТВ-ийн “Олон нийтийн цаг” нэвтрүүлгийн зочноор Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана оролцон цэцэрлэгийн бүртгэлийн хүрээнд ярилцаж, иргэдийн асуултад хариуллаа.
-БЗД-ийн 168 дугаар цэцэрлэг 2009 оны хүүхэд бүртгэхгүй гэсэн. Яагаад бүртгэхгүй байгаа вэ?
-Зөвхөн 168 гэхгүйгээр нийт цэцэрлэгүүдийн хувьд хуулийн дагуу 2-5 насны хүүхдүүдийг бүртгэж байгаа. Өнгөрсөн жил явж байсан хүүхэд энэ жил үргэлжлээд цэцэрлэгтээ явна.
Шинээр явах хүүхдүүдийн хувьд зөвхөн хамран сургах тойргийн хүүхдийг эхний ээлжинд авна. 168 дугаар цэцэрлэгийн хувьд дөрвөн настай анги нь дүүрсэн учраас боломжгүй байгаа байх.
-СХД-ийн 26 дугаар цэцэрлэгийг засвар хийхээр нураасан байсан. Гэтэл энэ намар хүүхдээ авахгүй өргөтгөл хийгдэнэ гэнэ. Хуучин хамрагдаж байсан хүүхдүүд нь яах вэ?
-Бүх дүүрэг, хороодод цэцэрлэг хүрэлцээгүй байгаа. 45 хороон дээр цэцэрлэггүй байна. Энэ жил дөрвөн цэцэрлэг шинээр орно. Дэлхийн банкны санхүүжилтээр 17 цэцэрлэг баригдахаар тендерийн шалгаруулалт нь явж байгаа.
Канадын технологиор барих учраас ондоо багтаагаад ашиглалтад орох болов уу гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байна. Ер нь манай цэцэрлэг, сургуулийн барилгууд нилээн хуучирсан. Тиймд мэргэжлийн хяналтын дүгнэлтүүд гарсан маш олон цэцэрлэгүүд бий.
Энэ жил зургаан цэцэрлэг, гурван сургуулийн барилгыг ашиглах боломжгүй тул буулгах шийдвэр гарсан. Энэ цэцэрлэгүүдэд хамрагдаж байсан хүүхдүүдийг дүүргийн боловсролын хэлтэс нь зохион байгуулж аль болох цэцэрлэгт хамруулах чиглэлээр ажиллах ёстой.
-ЧД-ийн 126 дугаар цэцэрлэг хоёр настай хүүхэд авахгүй гэсэн. Энэ ямар учиртай вэ?
-Нийслэлийн хувьд 19-28-ны хооронд яамнаас өгсөн чиглэлийн дагуу бүртгэлийг зохион байгуулж байгаа. 19-23-ны хооронд нийслэлийн хэмжээнд байгаа нийт цэцэрлэгүүд зөвхөн өнгөрсөн жилийн хүүхдүүдээ бүртгэнэ.
Тиймд хоёр настай хүүхэд авахгүй гэсэн байж магадгүй. 26-28-ны өдрүүдэд шинээр элсэх хүүхдүүдээ бүртгэнэ. Энэ дээр эцэг эхчүүд тодорхой ойлголт авч тухайн хугацаандаа очиж бүртгүүлэх хэрэгтэй.
-БЗД-ийн 59 дүгээр цэцэрлэг одоо хүртэл засварт ороогүй. Энэ жил хүүхдүүдээ авах болов уу?
-59 дүгээр цэцэрлэгийн санхүүжилтийн асуудлыг яамнаас шийдсэн. Ирэх долоо хоногт засварын ажилд хийгдэнэ. Богино хугацаанд хийх боломжтой засварын ажил учраас хүүхдүүдээ бүртгэж авна.
-Цэцэрлэгүүдийн засварын ажил хэдэн хувьтай явж байна вэ?
-Нийслэлд 50 сургууль, цэцэрлэгийн хэсэгчилсэн их засварын ажил хийгдэж байгаа. Энэ сургууль, цэцэрлэгт иж бүрэн засвар хийхэд 8,6 тэрбум төгрөг шаардлагатай байсан.
Төсөв мөнгөний бололцооноос хамаараад нийслэлд 3,6 тэрбум төгрөг хуваарилагдсан. Үүний дагуу засварын ажлууд хийгдэж байгаа. Нийслэлийн хэмжээнд засварын ажил 63 хувьтай явж байна. Энэ сарын 25 гэхэд нийт засварын ажлыг дуусгахаар төлөвлөж байна.
-Цэцэрлэгийн бүртгэлийн журамд Багануур дүүрэг хамаарах уу?
-Нийслэлийн хувьд нийт цэцэрлэгүүддээ “Цэцэрлэгийн бүртгэлийн ажлыг хэрхэн зохион байгуулах вэ” гэсэн зөвлөмжийг Нийслэлийн боловсролын газраас гаргасан. Бид хэдийгээр бүх хүүхдүүдээ авч чадахгүй ч бүртгэлийг эцэг эхчүүдэд хүндрэлгүй зохион байгуулах чиглэл өгч байгаа.
Цэцэрлэггүй хороодод Канад технологиор баригдаж буй цэцэрлэгүүд эхний ээлжинд баригдана.
Цэцэрлэгт бүртгүүлэхээр ирэхдээ эрүүл мэндийн бичиг, цагаан хорхойны шинжилгээ авчрах шаардлагагүй болсон. Хүүхдээ бүртгүүлсний дараа тухайн цэцэрлэгүүд, дүүргийн боловсролын хэлтсүүд нэгдсэн зохион байгуулалттайгаар шинжилгээг авах чиглэлээр ажиллаж байна. Энэ зөвлөмж нийслэлийн бүх дүүрэгт хамааралтай учраас Багануур дүүрэг ч мөн хамаарна.
-Манай хүүхэд төмөр замын цэцэрлэгт хоёр жил явсан. Гэтэл одоо дүүргийн бус гээд бүртгэхгүй байна. Энэ тал дээр?
-Хамран сургах тойргоос хамаараад юм уу эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаар өнгөрсөн жил явж байсан хүүхдүүдийг энэ жил авахгүй гэдэг асуудал төмөр замын болоод бусад бүх цэцэрлэгт байхгүй. Өнгөрсөн жил тухайн цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийг энэ жил шууд бүртгэж авах ёстой.
-Манай хүүхэд 10 сард хоёр нас хүрнэ. Хоёр нас хүрэхэд нэг сар дутуу байна гээд бүртгэхгүй байна. Энэ ямар учиртай вэ?
-Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 2-5 насны хүүхдүүдийг хамруулах заалттай. Энэ дагуу бид БШУ-ы яамны бодлого зохицуулалтын газрын даргатай хамтарч зөвшилцөн есөн сарын нэгэнд хоёр буюу түүнээс дээш нас хүрсэн хүүхдүүдийг бүртгэж авах зөвлөмж, чиглэл гарсан. Тиймд есөн сарын 1-нд хоёр нас хүрээгүй хүүхдийг авах бололцоогүй.
-Манай хүүхэд ЧД-ийн 124 дүгээр цэцэрлэгт хамрагдах ёстой. Одоо таван настай ч цэцэрлэгт явж байгаагүй. Огт бүртгүүлж чадахгүй юм.
-Таван настай хүүхдүүдийн хувьд энэ жил цэцэрлэгт хамрагдаад ирэх жил сургуульд орох учраас нийт цэцэрлэгүүд дээр бүх таван настай хүүхдүүдийн судалгааг авна. Өөрөөр хэлбэл бүртгэж аваад үндсэн ангид явуулах бололцоогүй тохиолдолд судалгаанд авч байгаад, ямар нэгэн байдлаар хагас бүтэн сайнаар сургадаг хувилбарт сургалтад юм уу гэр цэцэрлэгт хамруулж сургуулийн өмнөх боловсролыг олгох ажлыг бүх цэцэрлэгүүд хийнэ.
-Цэцэрлэггүй 45 хороо байна гэсэн. Тэр хорооны хүүхдүүд яах ёстой вэ?
-Хамран сургах тойргийг тогтоож байгаагийн нэг шалтгаан нь энэ. Аль ч цэцэрлэгт хамааралгүй айл өрхүүд, хорооны иргэд байна. Түүнийг бүгдийг нь авч чадахгүй ч аль нэгэн цэцэрлэгт хамааруулж байгаа. Өнөөдөр нэг ч айл өрхөд хамран сургах тойрогт багтаагүй тойргийн гадна байгаа хүүхэд байхгүй. Цэцэрлэггүй хороодод Канад технологиор баригдаж буй цэцэрлэгүүд эхний ээлжинд баригдана.
Дээрээс нь өнгөрсөн хавар НИТХ-аас шийдвэрлэсэн 89 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын асуудал яригдаж байгаа. Энэ ажлууд удахгүй эхлэхээр газрын байршлууд нь тогтоогдон, жишиг зургууд нь хийгдээд санхүүжилтийн асуудал нь Концессоор зарлагдах гэж байх шиг байна. Тус цогцолбор цэцэрлэггүй хороодоос эхэлж баригдана.