Шинээр 354-н сургууль, цэцэрлэгийн барилга шаардлагатай
Энэ онд багтаан 31 сургууль шинээр ашиглалтад оруулах тооцоо байгаа бол 32 цэцэрлэгийг төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулах юм байна. Мөн Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 17 цэцэрлэг барихаар ажиллаж байгаа бөгөөд эдгээр барилгууд ашиглалтад орсноор сургууль цэцэрлэгийн ачаалал 100 хувь хөнгөрөх боломжтой.
БШУ-ы сайд Л.Гантөмөр: Дэлхийн банкны санхүүжилтээр нийслэлд 17 цэцэрлэг барихаар төлөвлөөд ажиллаж байна. Хоёр долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар 89 бага сургууль, цэцэрлэгийн комплексийг Улаанбаатар хотод Концессийн хуулиар барьж байгуулах шийдвэр гарсан.
Энэ онд багтан эхний 20-ыг нь эхлүүлэх зорилготой байна. Мөн мэргэжлийн хяналтын газраас есөн сургууль цэцэрлэгийн барилгыг акталсан. Энэ сургууль, цэцэрлэгийн барилгыг бас Концессийн хуулиар ирэх онд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр энэ онд багтан эхлүүлэх ажлууд хийгдэж байгаа гэлээ.
Дэлхийн банкны санхүүжилтээр нийслэлд 17 цэцэрлэг барихаар төлөвлөн ажиллаж байна.
Дээрх бүтээн байгуулалтыг шийдвэрлэхэд 1,8 их наяд төгрөг хэрэгцээтэй. Үүний 800 саяыг төсвөөс, үлдсэн нэг их наяд төгрөгийг Концессийн хуулиар шийдвэрлэх юм.
БШУ-ы сайд Л.Гантөмөр хэлэхдээ, Хөрөнгө оруулалтын том төлөвлөлт их хурлаар орж батлагдах ёстой. Их хурлаас батлагдвал аймаг, дүүрэг, хотын удирдлага өөрсдөө энэ асуудлыг зохион байгуулах бүрэн боломж бүрдэнэ гэв.
Одоогоор нийслэлийн хэмжээнд 16 сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Зайлшгүй шаардлагатай 354 барилгын асуудал бий. Харин байршил нь шийдэгдсэн 89 бага сургууль, цэцэрлэгийг анги дүүргэлт ихтэй байгаа дүүргүүдэд эхний ээлжинд барих юм.