Энэ жил дөрвөн цэцэрлэг шинээр баригдана
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны 12 мянган хүүхэд байдаг. Тэдний 70 хувь нь энэ жил төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгт хүмүүжих боломж бүрджээ.
Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн 186, хувийн хэвшлийн 166 цэцэрлэг нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл цэцэрлэгийн насны хүүхдүүдийн тоо цэцэрлэгийн суудалтай харьцуулахад багагүй зөрүүтэй байгаа юм.
Тиймээс хоёроос таван насны бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах бодлого баримталж, энэ хүрээнд 2013-2014 оны хичээлийн жилд дөрвөн цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулахаар болжээ.
Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана: Шинээр анги нээж 1740 хүүхэд мөн өнөөдрийн тусгай зөвшөөрлөө авсан 29 цэцэрлэгт 1600 хүүхэд авах бололцоотой болж байна.
Төрийн өмчийн 186, хувийн хэвшлийн 166 цэцэрлэг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг.
Нөгөө талаасаа олон жил болсон сургууль цэцэрлэгийн барилгууд шаардлага хангахгүйгээс нийслэлийн хэмжээнд энэ онд есөн цэцэрлэгийг буулгаж, шинээр барих ажлыг эхлэх шийдвэр гарсан. Үүнээс үүдэн мянга орчим хүүхэд хасагдаж байгаа гэлээ.
Төрийн өмчийн дөрвөн цэцэрлэг ашиглалтад орсноор нийт 500-600 хүүхдийг хүлээн авах бололцоо бүрдэж байна. Харин хувийн 50 гаруй аж ахуй нэгж шинээр цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах хүсэлтээ боловсролын газар ирүүлжээ.