2013.07.04

Барилгын хөгжлийн төв "нэг цэгийн үйлчилгээ"-тэй боллоо

Нээлтэд БХБ-ын сайд Ц.Баярсайхан, БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, БХБЯ-ны стратеги төлөвлөлтийн газрын дарга Р. Мэргэнбаяр, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ц.Доржпалам, БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Цэдэнсамба, БХТ-ийн захирал Б.Баярсайхан, дэд захирал Ч.Отгончулуун болон албаны бусад хүмүүс оролцлоо. Нээлтийн үеэр БХБ-ын сайд Ц.Баярсайхан “Яамны зүгээс барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагуудад төрийн үйлчилгээг аль болох шуурхай хүргэх зорилго тавин ажилладаг.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан

Мөн төрийн зүгээс  олгодог барилгын тусгай зөвшөөрлийн суурь нөхцөлүүдийг нэлээд хөнгөвчилсөн байгаа. Ингэснээр тусгай зөвшөөрөл авахад цаг хугацаа алддаг асуудлыг цэгцэлж байна. Түүнчлэн барилгын салбарт ажилладаг мэргэжлийн боловсон хүчний мэдээллийн санг нэгтгээд дуусч байна. Цаашид энэхүү нэг цонхны үйлчилгээг илүү түргэн шуурхай болгож, цахим хэлбэрт шилжүүлэх юм. Цахим хэлбэрт шилжүүлснээр  аж ахуйн нэгж, иргэд өөрийн биеэр ирж дугаарлах шаардлагагүй болно” гэсэн юм. 

Харин БХТөвийн захирал Б.Баярсайхан “Нэг цэгийн үйлчилгээ манайд өмнө нь байсан. Энэ үйл ажиллагааг илүү шуурхай, төвөг чирэгдэлгүй болгох үүднээс  багагүй ажлууд хийгдэж байна. Үүний нэг хэсэг нь өнөөдрийн арга хэмжээ. Нэг цэгээр үйлчлүүлэгч та өөрийн материалаа хэрхэн ямар шатанд явааг хянах боломжтой болж байна. Бидний зүгээс  үйлчлүүлэгч та ”Хаан” гэдэг зарчмыг баримтлан ажиллаж байна” хэмээсэн юм.

Дашрамд сонирхуулахад, нэг цэгийн үйлчилгээгээр Барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрлөөс гадна Зураг төсөлд магадлал хийлгэх, мөн сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд, аж ахуй нэгжүүд үйлчлүүлэх юм.