
А.Баяр: Барилгын салбарын хууль тогтоомжид шинэчлэл хийж, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна
Нийслэлийн барилгын салбар дахь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, авлигыг бууруулах чиглэлээр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Авлигатай тэмцэх газартай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд “Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Иргэд орон сууцны чанарын талаар нэлээд шүүмжлэлтэй хандах болсон. Хажуу айлынхаа хамаг амьдралыг сонсох хэмжээний нимгэн ханатай, гуравхан жил болоод засвар хийх шаардлага үүсдэг ямар ч стандарт, чанарын шаардлага хангахгүй барилга барьж иргэдийг хохироодог байдлыг зогсоохын тулд барилгын зөвшөөрөл олгохоос эхлээд ашиглалтад хүлээж авах хүртэлх бүхий л үйл явцад бид хяналтыг сайжруулж, менежментийн шинэчлэл хийхээс аргагүй. Өнөөдрийн хэлэлцүүлгийг төр аж ахуй нэгжүүдтэйгээ, иргэдтэйгээ ойлголцохын тулд санаачилга гаргаж зохион байгуулж байгаа бол төрийн байгууллагаас шалтгаалсан ямар хүндрэл бэрхшээл, хүнд суртал байгаа талаар барилгын компаниуд, мэргэжлийн холбоод дуу хоолойгоо хүргэж байна. Түүнчлэн хууль тогтоомжийг шинэчлэх, батлах эрх бүхий УИХ-ын төлөөллөөс Г.Лувсанжамц гишүүн оролцож, барилгын салбарынхны нөхцөл байдлыг сонслоо. Тиймээс барилгын салбарын хууль тогтоомжид шинэчлэл хийж, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж гэдэгт итгэлтэй байна. Нөгөө талд төрийн байгууллагын ажилчдын цалин, тэтгэмж, нийгмийн халамжийг дээшлүүлэхэд бид анхаарч ажиллаж байна авлигаас ангид байх, төрийн албан хаагчийг ёс зүйг дээшлүүлэх нөхцөл бүрдэнэ. АТГ-тай хамтран байгуулсан ажлын хэсэг авлигын асуудлыг хэрхэн бууруулах талаар онцгой анхаарч ажиллаж байна” гэв.
Хэлэлцүүлэгт салбар яам, нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллагууд, барилгын зураг төсөл зохиогч, захиалагч, гүйцэтгэгч аж ахуй нэгжүүд, мэргэжлийн холбоод, салбарын эрдэмтэн, судлаачид оролцлоо.
Ингэхдээ барилга, дэд бүтцийн зураг төсөл боловсруулах үе шат, барилгын угсралтын үйл ажиллагааны үе шат, хяналтын оролцоо, барилга, байгууламжийг ашиглалтад оруулах үйл явц, түүнд тавих хяналт гэсэн гурван сэдвээр панел хэлэлцүүлэг өрнөж нийслэлийн барилгын салбар дахь тулгамдсан асуудлыг нэрлэж, түүнийг хэрхэн шийдэх талаар санал дүгнэлт гаргаж нэгтгэлээ. Энэхүү нэгтгэсэн санал, дүгнэлтийг дээд шатны байгууллагад хүргэхийг Нийслэлийн хяналт, шалгалтын газрын дарга С.Энхбаяр онцоллоо.
Харин АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Өнгөрсөн онд хяналт шалгалтын явцад нийслэлийн хэмжээнд 47 барилга зөвшөөрөлгүй баригдсан байсан. Нийт 3800 гаруй зөрчил илэрсэн. Тиймээс хяналт шалгалтын тогтолцоог сайжруулах, улсын комиссыг шинэ зохион байгуулалтад оруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг хэлэлцүүлгийн үеэр оролцогч талууд онцолж байна” гэлээ.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос нийслэлийн барилгын салбар дахь тулгамдсан асуудлын талаар санал авахад 50 гаруй асуудлыг дурджээ.
Тухайлбал:
1. Барилгын норм, дүрэм журам тодорхойгүй. Хоорондоо авцалддаггүй давхацдаг
2. Барилгын магадлалаар ордог асуудлыг зөвлөх үйлчилгээ рүү шилжүүлэх
3. Хяналт, шалгалтын тогтолцоог сайжруулах, шинэчлэх
4. Улсын комиссыг татан буулгах эсвэл зөвхөн томоохон төсөлд ажиллуулдаг болох
5. Улсын комиссыг шинэ зохион байгуулалтад оруулах
6. Улсын комиссын бүрэлдэхүүнийг тодорхой хугацаагаар сэлгэх
7. Төр, хувийн хэвшлийн хамтын хяналтыг хэрэгжүүлэх
8. Барилгын зөвшөөрөл олгох, “А” даалгавартай холбоотой шийдвэрийг ил тод тавих
9. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх
10. Барилгын компаниудын гүйцэтгэсэн ажлын талаарх нэгдсэн мэдээллийн сантай болох
11. Импортын барилгын бүтээгдэхүүний чанар, стандартыг тогтоох дотоодын лабораторитой болох
12. Мэргэжлийн хүний нөөцийг шат дараатай бэлдэх, анхаарах
13. Зөвлөх үйлчилгээ болон даатгалын тогтолцоог сайжруулах
14. Мэргэшсэн зөвлөхийг багаар ажиллуулах
15. Төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх...гэх мэт олон асуудлыг нэрлэв.