Ц.Оюунгэрэл: Тиранозавр батаарыг Эрик Прокопигоос хурааж Монголын талд буцаах нэхэмжлэл гарсан
Ц.Оюунгэрэл: Соёл, спорт, аялал жуулчлалын сайд
2012.12.04

Ц.Оюунгэрэл: Тиранозавр батаарыг Эрик Прокопигоос хурааж Монголын талд буцаах нэхэмжлэл гарсан

Тиранозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг манай улсаас хууль бусаар гаргасан эсэх асуудлыг шүүх хурал энэ сард болохоор тов нь гарчээ. Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлээс тодрууллаа.

-Тиранозавр Батаарын араг ясыг хууль бусаар гаргасан хэрэг юу болж байгаа вэ?

-Үлэг гүрвэлийн ясыг Монголоос хууль бусаар гаргасан хэрэгт сэжиглэгдээд байгаа Эрик Прокопи Нью-Йорк хотын шүүхэд хандаж “АНУ-ын Засгийн газар “Хэритэж Аукшин” компанийн байранд байсан Тиранозавр Батаарын ясыг хурааж авсан нь хууль бус үйлдэл” гэсэн гомдол гаргасан.

Үүний дараагаар Монгол Улсын Засгийн газарт хандаж “Үлэг гүрвэлийн араг ясыг Монгол Улсын өмч гэж үзэн АНУ-ын Засгийн газар хураасан. Хэрэв та бүхэн үүнийг үнэхээр Монгол Улсынх мөн гэдгийг баталж чадвал бид Эрик Прокопийн өргөд­лийг  хэрэгсэхгүй болгох үндэс­лэлтэй. Харин нотолж чадахгүй бол үлэг гүрвэлийн араг яс Эрик Прокопийнх болж магадгүй байна” гэсэн захидлыг өнгөрсөн есдүгээр сард ирүүлсэн. 

Энэ дагуу Хууль зүйн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтарч ажиллан үлэг гүр­вэлийн яс Монголынх гэдгийг нотлох олон баримт явуулсан.  Үүний дараа өнгөрсөн сарын 13-нд Нью-Йорк хотын шүүгч П.Кевин Кастел шийдвэр гаргаж Эрик Прокопийн гарга­сан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Шинжээчид одоогоос 70 сая жилийн тэртээ амьдарч байсан аварга үлэг гүрвэл Тарбозаврын олдвор 250,000-400,000 ам.долларын үнэтэйг тогтоожээ.

-Эрик Прокопийн нэ­хэмжлэ­лийг хүчингүй бол­го­сон шалтгаанаа шүүгч хэрхэн тайлбарласан бол?

-Шүүгч тайлбартаа энэ оны  зургадугаар сарын 22-нд Эрик Прокопигоос хураасан  Батаарын араг яс нь Мон­голд харьяалагдана гэдэг нь араг ясны өнгө, Олон улсын шинжээчдийн гаргасан дүгнэлтээр батлагдаж байна. Мөн Эрик Прокопи өөрөө Монголоос үлэг гүрвэлийн яс хайж, хэд хэдэн удаа  очиж малтлагын ажил хийснийг нотлох баримт Монго­лоос ирсэн нь Эрик Прокопи Батаарыг тус улсынх гэдгийг  мэдсээр байж худал мэдүүлэн АНУ-д оруулж ирсэн байх үндэслэлтэй гэж үзсэн байна.

-Сэжигтнийг баригдах­даа Монгол Улсыг басам­жил­сан зүйл хэлж байсан гэдэг?

-Эрик Прокопи өргөдөлдөө “Араг яс Монголынх байх ёсгүй. Энэхүү араг яс 75 сая жилийн өмнөх эд. Гэтэл Монгол Улс дөнгөж 1921 онд байгуулагдсан”  хэмээн басамжилсан нэхэмжлэл гаргасан. Үүнийг шүүх няцаасан байна билээ.

“Хэдийгээр араг яс  75 сая жилийн өмнөх боловч энэ ясыг Монгол Улсын нутаг дэвсгэрээс 1995-2005 оны хооронд малтан гаргасан нь хэд хэдэн зүйлээр нотлогдож байна. Эндээс үзвэл Монгол Улс холбогдох хуулиа баталснаас хойш энэхүү араг яс хулгайн замаар гарсан байх магадлалтай.

Эрик Прокопи Монгол, АНУ болон ОУ-ын хууль дүрмийг мэдсээр байж зөрчсөн нь нотлогдож байгаа учраас шүүгч тайлбар гаргаад байгаа.

Өөрөөр хэлбэл, АНУ-ын Засгийн газар үлэг гүрвэлийн араг ясыг хурааж авсан нь зөв гэсэн шийдвэр гаргалаа гэсэн үг. Тиймээс тус улсын Засгийн газрын гаргасан нэхэмжлэлээр дараагийн шүүх хурал явна. АНУ-ын нутаг дэвсгэр дээр өөр улсаас хулгайлагдаж ирсэн зүйл зарагдсан учраас үүнийг Эрик Прокопигоос бүр мөсөн хурааж Монголын талд буцаая гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа.  Үүнийг хэлэлцэх шүүх хурал энэ сард болох юм.

-Эрик Прокопид эрүү­гийн хэрэг үүсгэсэн гэсэн. Шүүх хурал нь хэзээ болох талаар?

-Тийм. Эрик Прокопид АНУ-ын прокуророос худал мэдүүлэг өгсөн, гааль дээр худал мэдүүлэн, их хэмжээний үнэт зүйлийг олон улс дамнуулан хулгайлсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм билээ. Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол Эрик Прокопид 23 жилийн хорих ял оноох хуулийн заалттай гэсэн. Гэхдээ Батаарын араг ясыг Монголд буцаах эсэх шүүх хурал энэ сард болсны дараа Монголынх гээд буцаавал Эрик Прокопид хэрэг үүсгэх тухай дараагийн асуудал яригдах байх.