Энэ жил худалдах идлэг шонхрыг 11 аймгийн нутгаас бариулна
2011.08.24

Энэ жил худалдах идлэг шонхрыг 11 аймгийн нутгаас бариулна

Идлэг шонхор шувууг экспортолж байгаа асуудлаар БОАЖ-ын сайд Л.Гансүх мэдээлэл хийлээ. Энэ жилийн хувьд гадаадад гаргах идлэг шонхрын тоог 240 толгой байхаар тогтоосон. Одоогийн байдлаар Кувейт, Катар, Саудын Араб, АНЭ зэрэг улсын дээд хэмжээний төлөөлөгчидтэй идлэг шонхор бариулахаар 10 гэрээ байгуулаад байгаа аж. Эдгээр шонхрыг Архангай, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий, Дорнод гэсэн 11 аймгаас барих зөвшөөрөл олгожээ. Хэдийгээр арабууд төр засгийн түвшинд гэрээ хэлэлцээр байгуулдаг ч өмнөх жилүүдэд гэрээний хэрэгжилтийг зөрчих, илүү тоогоор авч явах, шонхроос өөр төрлийн ан амьтан агнах зэрэг нэлээд зөрчил илэрдэг байсан. Иймээс энэ жил гэрээний хэрэгжилтийг хангаж, холбогдох журам мөрдүүлэх, хяналт тавьж ажиллуулахын тулд БОАЖЯ, ГИХАЭГ, НЦГ, Буянт-Ухаа дахь Гаалийн газар, МХЕГ, Тагнуулын Ерөнхий газар, Хилийн МХГ, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Амьтны эрхийг хамгаалах сан зэрэг байгууллагын төлөөлөл бүхий 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна.

Манай улсын хувьд 1994 оноос эхлэн Арабын орнуудад тодорхой тооны идлэг шонхор экспортолж байгаа.

Тэгвэл 2000-2010 онд нийт 2751 толгой идлэг шонхор худалдаж, улсын төсөвт 18.4 сая ам.доллар төвлөрүүлжээ. Л.Гансүх сайдын хэлж байгаагаар нэг ширхэг идлэг шонхрыг 12000 ам.доллараар худалддаг гэнэ. Харин үүний 10000 ам.долларыг орон нутгийн төсөвт, үлдсэн хэсгийг нь улсын төсөвт оруулдаг аж. Хэдийгээр улсын төсөвт тодорхой хэмжээний мөнгө оруулдаг ч идлэг шонхор барих явцад нэлээд зөрчил дутагдал гардаг нь нууц биш. Иймээс шонхор бариулах, экспортлох үйл ажиллагааг журамлах, цэгцлэх зорилгоор БОАЖЯ-наас «Монгол Улсын нутаг дэвсгэр дээр идлэг шонхор амьдаар нь барих, тээвэрлэх, арчлах, экспортод гаргах үйл ажиллагаанд мөрдөх журам» -ыг баталжээ.

Ингэснээр идлэг шонхор бариулах ажлыг холбогдох талуудын оролцоог нэмэгдүүлэх, идлэг шонхор барих, арчлах, маллах, тээвэрлэх, экспортлох үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах боломж нөхцөл бүрдүүлсэн гэнэ. Тухайлбал аймаг сумын засаг захиргааны нэгжүүд орон нутагтаа идлэг шонхор бариулах ажлыг хянах, зохион байгуулах ажлын хэсэг байгуулах, идлэг шонхор барих отогтой орон нутгийн зүгээс байгуулах гэрээний загвар хүргүүлэх, отгийн эрхлэгчдэд мэдэгдэл өгөх, идлэг шонхор барих ажилд оролцох тээврийн хэрэгсэлд наалт тэмдэг байрлуулах, отогт ажиллах хүн, машины тоог тогтоож өгсөн зэрэг тодорхой зохицуулалт хийж өгчээ. Түүнчлэн 2010 онд Монгол орны идлэг шонхрын тархацыг судалж, манай улсад 6830 идлэг шонхор байгааг тогтоожээ. Энэ нь дэлхий дээрх нийт идлэг шонхрын 45 орчим хувь нь аж. Харин идлэг шонхор нь жилд 4-5 -өндөг гаргадаг бөгөөд 40-50 хувьтай бойждог гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.