Барьцаа дутвал тусгай сангаас батлан даалт хийнэ
2012.02.13

Барьцаа дутвал тусгай сангаас батлан даалт хийнэ

УИХ-ын баасан гаригийн чуул­ганы нэгдсэн хуралдаанаар жижиг дунд үйлдэрлэгч, бизнес эрхлэгч иргэдэд тааламжтай нэгэн хууль батлагдсан нь Зээлийн батлан даалтын тухай хууль байлаа. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлогын хүрээнд боловсруулан гаргасан энэхүү хуулиар жижиг, дунд үйлдвэр эрхлэх хүсэл сонирхолтой ч барьцаа хөрөнгөгүйгээсээ болоод банкнаас зээл авч чаддаггүй иргэдэд дэмжлэг үзүүлэх эрх зүйн таатай орчин бүрдэж байгаа юм. Ингэснээр иргэд хүссэн хөрөнгийнхөө 60 хувийг Зээлийн даатгалын сангаас батлан даалт гаргуулан зээлж, үлдсэн 40 хувийг нь Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн сангаас зээлэх боломж бүрдэж буй аж.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр Э.Бат-Үүл гишүүн Жижиг, дунд үйлдвэрийн сангийн зээл өгөхөд ЖДҮ өөрөө хөрөнгийн баталгаа болдог онцлогийг тайлбарлаад зээлийн батлан даалт, барьцаа хөрөнгийн асуудал дээр хүртэл улс төрждаг, ялангуяа орон нутагт намаар ялгаварлаад зээл өгөхгүй байх хүндрэл тохиолддогийг шүүмжлээд  хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг сонгуулийн дараа гэж тавьж болох уу хэмээн асуусан юм.  Түүний хариуд хууль санаачлагдын нэг, Эдийн засгийн байнгын хорооны шинэ дарга Р.Буд “Зээлийн барьцаа хөрөнгөгүй аж ахуйн нэгжүүд арилжааны банкаар дамжуулан зээл авахад учирдаг бэрхшээл, энэ талаар болгоомжилж буй зүйлүүдийг хуульд бүрэн тусгасан тул айх юм байхгүй. Хууль хэрэгжих хугацааны хувьд “ердийн журмаар” гэж байгаа. Сонгуулийн өмнө ямар нэгэн зээл тараах боломжгүй тул болгоомжлох хэрэг байхгүй, ердийнхөөрөө явбал яасан юм бэ, харин Газрын тухай хууль яригдаж байгаа энэ үед газрыг нь эзэмшүүлээд түүгээр барьцаалан зээл олгох тухай таны санааг дэмжиж байна гэлээ. Ийн хэлэлцээд  хуулийн төслийг олонх дэмжсэн бөгөөд хуралдааны дараагаар хуулийн төслийг санаачлагч гишүүд тайлбар өгсөн байна. Гишүүн Д.Зоригт энэ талаар “Жишээ нь, Дорж сая төгрөгийн саалийн үнээ аваад сүүгээ зараад амьдарья гээд банкнаас зээл хүсэхэд өөдөөс нь “таны зээлийн барьцаа хөрөнгө 400 мянган төгрөгийн л үнэлгээтэй юм байна. Ингэхээр сая төгрөгийн зээл өгөх боломжгүй” хариулж буцаадаг. Харин энэ хууль гарснаар Дорж зээлийнхээ 40 хувийг өөрөө батлан даах, харин зээлийн батлан даалтын сангаас 60 хувийг нь батлан даахаар болж байна. Ингэхээр Дорж сая төгрөгийн зээлээ авах боломжтой болж, үнээгээ авч, цааш нь сүүг нь зараад зээлээ төлөөд явах нь гэсэн үг. Банкны шалгуур үзүүлэлтийг хангасан хэрнээ барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байгаа иргэн аж ахуй нэгжид л дэмжлэг үзүүлэх зорилготой” гэв.

Уг асуудлын дараагаар Я.Батсуурь нарын болон Д.Одбаяр нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” УИХ-ын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлсэн ч АН-ын бүлэг уг асуудлаас завсарлага авлаа. Олон нийтийн анхаарлын төвд байгаа уг хуулиар УИХ-ын гишүүдийн дунд саналын зөрүү байсаар ирсэн бөгөөд энэ удаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг хоёр бүлгээс хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад энэ асуудал дээр ажилласан ч саналын томьёолол зэрэг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай зүйл байгаа тул АН-ын бүлэг асуудлыг хэлэлцэхээс албан ёсны завсарлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр тус өдрийн хуралдаан өндөрлөсөн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.