Д.Ганхуяг: Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг яаралтай тодорхойлох хэрэгтэй
2011.07.04

Д.Ганхуяг: Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг яаралтай тодорхойлох хэрэгтэй

-Манай улсын ДНБ-ий дийлэнхийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг. Гэтэл бизнесийн, жижиг дунд үйлдвэрлэлийн эрх зүйн орчин тийм ч таатай биш гэсэн шүүмжлэл байдаг?

-Бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэн манай улсын ДНБ-ий 70 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Тэд ийм хэмжээгээр улс орныхоо эдийн засагт өөрсдийн хувь нэмрээ оруулж, хөгжлийг авч яваа юм. Гэвч тэдний аж ахуй эрхлэх бизнесийн орчин тааруу байсан. Ялангуяа бизнесийн салбарын 90 шахам хувийг бүрдүүлдэг жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгчдийнхэнд энэ нь хүндээр тусч байсан. Бизнес эрхлэгчдэд бизнесийн орчинг бүрдүүлэх асуудал эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхэлдэг. Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг батлуулах гэж би дөрвөн гишүүний хамт хоёр ч удаа өргөн барьж байж өмнөх парламентын үед батлуулж байлаа.

gankhuyag_02-Энэ хууль гарснаар тэгвэл ЖДҮ эрхлэгчдэд ямар давуу байдал үүссэн юм бэ?

-Хуулийн маань зорилго нь төрөөс ЖДҮ эрхлэгчдийг дэмжих бодлого.үндсэн чиглэлийг тодорхойлж, дэмжихийг хуульчлах байсан. Энэ хуулиар нэгээс дээш ажиллагсадтай худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарт бүтээлч үйл ажиллагаа явуулж буй ЖДҮ эрхлэгчдийг зах зээл, татвар, техник, технологио, хүний нөөц, санхүү, хөнгөлөлттэй зээл, менежмент, даатгалын зэрэг бодлогоор хэрхэн дэмжихийг тодорхой болгосон. Ихэнх оронд ЖДҮ эрхлэгчид хоёр үндсэн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь Үндэсний том компаниудтай хамтрах тэдний туслан гүйцэтгэгч байдлаар, нөгөө нь бие даасан байдлаар.

-Том компаниуд ЖДҮ эрхлэгчидтэй хамтарч ажиллаж чадахгүй л байна шүү дээ?

-Харин тийм. Том компаниуд нь ямар нэг байдлаар бүхнийг дангаараа эрхлэх өмчлөх зорилготой байна. Энэ тал дээр төрөөс анхаарах зайлшгүй шаардлага гарч байна л даа. Гэхдээ бас ахиц байна аа. Жишээ нь ноолуурын салбарт том компаниуд нь ЖДҮ эрхлэгчидтэй хоршиж ажиллах хандлага гарч байна. Сайн л хэрэг. Цаашид ЖДҮ-ийн асуудал хариуцсан яам, ЖДҮ-ийн талаар бодлогыг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийг байгуулах шаардлагатай. ЖДҮ-ийг дэмжих төрийн бодлогын үндсэн зорилт нь хөдөлмөр эрхлэх боломжтой иргэдийн аж ахуй эрхлэлтийг дэмжсэнээр ажилгүйдлийг багасгах, татвар авах гэхээсээ илүү боломжтой бүх хүнийг ажилтай байлгах, хамгийн гол нь баян, ядуугийн ялгааг ихэсгэхгүй байх л даа. Иймээс л төр тэднийг татвар, хөнгөлөлттэй зээлийн болон бусад бодлогоор дэмжих үүрэг хүлээдэг.Түүнээс гадна эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох хэрэгтэй байна.

-Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодруулах аа. Үүнийгээ жаахан тодруулна уу?

-Бид зүг чигээ зөв гаргах гэж ярьдаг даа. Энгийнээр зүйрлэвэл энэ л дээ. Хөгжилтэй орнууд эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ шинжлэх ухааны үндэстэй тогтоодог. Энэ нь хөгжлийн гол стратеги бөгөөд ерөнхийдөө тухайн орны хувьд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх болон бүс нутгийн хийгээд олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай салбарыг хэлдэг. Тэрнээс хүмүүсийн санааг сонсож хүслийн жагсаалт хийчихдэггүй юм байна. Татварын болон Хөгжлийн банкны тухай хуульд Засгийн газраас энэ тэргүүлэх салбарыг зарлахаар заасан ч одоо болтол хэрэгжүүлсэн зүйл алга л байна. Сүүлийн үеийн судалгаа тооцоогоор Монголын ойрын, дунд, урт хугацаанд эдийн засгийн тэргүүлэх салбар дэд бүтэц (эрчим хүч, зам тээвэр, боловсруулах үйлдвэр, үйлчилгээ (аялал жуулчлал), барилга, хүнсний салбарууд эхний тавд гарч ирж байна. Ашигт малтмалын салбар нэг хэсэгтээ гол орлогын үүсвэр байх болно. Аль ч оронд байдаг боловсрол, эрүүл мэнд, банк, хөрөнгийн зах зээл, мэдээллийн технологийн салбарууд бол хөгжлийг дэмжих тулгуур салбарууд юм. Төрийн зүгээс дээрх тэргүүлэх салбарынхаа хүрээнд, тодруулбал импортыг орлох, экспортын чиглэлийн нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрийн салбарт ЖДҮ-ээ дэмжвэл илүү үр дүнтэй байхаар байна. Ер нь нэн яаралтай Засгийн газраас эдийн засгийн тэргүүлэх таваас илүүгүй салбараа зарлаж бизнесийн салбарынхан, нийт иргэд, хөрөнгө оруулагчдын анхаарлыг эдгээр салбарынхаа хөгжилд төвлөрүүлмээр байгаа юм. Манай улсад 800 мянга орчим иргэн жижиг, дунд үйлдвэрүүдэд ажилладаг гэсэн судалгаа байна. Энэ нь дээр хэлснээр нийт бизнесийн салбарт ажиллагсдын 90 гаруй хувийг эзэлдэг.

-Эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлохоос гадна хөгжлийг хурдасгах ямар бодлого хэрэгжүүлэх ёстой гэж та боддог вэ?

-Эдийн засгийн хөгжлийн маш ойлгомжтой бүдүүвчийг бас олон нийтэд тодорхой болгох шаардлагатай байна. ЖДҮ эрхлэгчдийг дэмжсэнээр л аж ахуй эрхлэгчийн орлогын болон иргэдийн амьжиргааны төвшний өсөлтөөр дамжсан бодит эдийн засаг хөгждөг жамтай. Ингэснээр дундаж амьжиргаатай иргэд нь нийгмийн олонх болж чинээлэг иргэний нийгэм байгуулах зорилт хэрэгжих учиртай гэж үзэж байна.

-Тэгвэл бодит эдийн засгийг хөгжүүлэх учиртай тэдгээр ЖДҮ эрхлэгчдэд ямар тулгамдсан асуудал байдаг юм бол оо?

-Нийтлэг бэрхшээл бий л дээ. Зээлийн хүү өндөр, хугацаа богино, зах зээл багатай, гаднын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой тэргүүний техник технологи нэвтрүүлэх гэхээр хөрөнгийн боломж хомс, ажиллагсдын ур чадвар, удирдлагын менежмент хангалттай бус, зээл авах гэсэн ч барьцааны хөрөнгө байхгүй гээд л. Мөн Монголбанк ганцаараа инфляцын манаач хийдгээ больж, бодит эдийн засгийг дэмжих мөнгөний бодлого явуулах хэрэгтэй байна. Монголд үйлдвэрлэл төдийлөн хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь дээрх өндөр хүүтэй, хугацаа багатай зээлтэй холбоотой гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Дэлхий нийтийн хэмжээнд боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгогдож буй зээлийн хүү дунджаар таван хувьтай байгаа болов уу. Энэ угаасаа боловсруулах үйлдвэрийн татвар төлөхийн өмнөх ашиг дунджаар 5-15 хувьтай байдагтай холбоотой. Гэтэл манай арилжааны банкны зээлийн хүү сүүлийн жилүүдэд 20-30 хувийн хооронд байна. Ийм нөхцөлд боловсруулах үйлдвэрлэл хөгжих боломжгүй ээ. Ихэнх хөгжилтэй оронд ЖДҮ эрхлэгчдэд олгож буй хөнгөлөлттэй зээл маш бага хүүтэй буюу бараг хүүгүй байна. Бид цаашдаа ийм систем рүү явах ёстой. Дараагийн асуудал нь зах зээл тэлэх, тэргүүний техник технологи нэвтрүүлэх бодлого. Үүнийг олон орон бүс нутаг, тухайн орнууд хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (Чөлөөт худалдааны хэлэлцээр) байгуулах байдлаар шийдэж ирсэн. Манай улс ДХБ-ын гишүүн боловч ганц ч оронтой ийм хэлэлцээр байхгүй. Энд гуравдагч хөршүүд, хамгийн түрүүнд Японтой энэ хэлэлцээр байгуулах асуудлыг түргэвчилмээр байна. Гуравдагч хөрштэй ийм төрлийн хэлэлцээр байгуулахад болгоомжлоод байх шаардлагагүй. Ингэвэл Монгол Улстай худалдааны сайн харилцаа, нөхцөл тогтоох гаднын орнууд хоорондын өрсөлдөөн ихсэж эцсийн дүндээ Монголын талд үр ашигтай, ач холбогдолтой тусна.

-Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуулийн хэрэгжилт ямархуу байгаа бол?

-ЖДҮ-ийн тухай хууль батлагдсанаар Японы Засгийн газраас найман жил хүлээгдэж байсан ЖДҮ-д зориулсан хоёр шаттай, 29 сая ам.долларын 40 жилийн хугацаатай, жилийн 0.75 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авсан. Энэ зээл эцсийн хэрэглэгчдэдээ 10 хувийн дотор хүүтэй 3-5жилийн хугацаатай очсон. Мөн 2010,2011 онд улсын төсвөөс ЖДҮ эрхлэгчдийг дэмжихэдзориулж нийт 60 тэрбум төгрөгийн жилийн 12 хувь хүртэл хүүтэй, гурав хүртэл жилийн хугацаатайхөнгөлөлттэй зээл олгосон. Мөн энэ онд Японы Засгийн газрын өмнөх зээлтэй адилхан нөхцөл бүхий 58 сая ам.долларын хоёр шаттай, хөнгөлөлттэй зээл олгогдоно. Мөн саяхан ноолуурын боловсруулах эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчдийг дэмжихэд 100 тэрбум төгрөг, ЖДҮ эрхлэгчдийг дэмжихэд 150 тэрбум төгрөгийн Засгийн газрын бондыг гаргахаар болсон. Энэ бондоор дамжин эцсийн хэрэглэгчдэдээ жилийн долоон хувийн хүүтэй, тав хүртэл жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл арилжааны банкаар дамжин очих юм. Хүүгийн зөрүүг нь төрөөс хариуцаж байгаа юм. Энэ 150 тэрбум төгрөгийн 50-иас доошгүй хувийг нь нийслэлд ЖДҮ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор "Дүүрэг хөгжүүлэх сангаар дамжуулахаар 2012 оны улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд суулгахаар ажиллаж байна. Мөн 2011 оны төсвийн хуулиар орон нутагт "Сум хөгжүүлэх санд" 24 тэрбум төгрөгийг суулгаад явж байгаа. Ийм байдлаар сүүлийн таван жилийн хугацаанд 450 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр үндэсний үйлдвэр, ЖДҮ эрхлэгчдээ дэмжих шийдвэр гаргажээ. Тиймээс ЖДҮ-ийн эрх зүйн орчин бүрдсэнээс бодитой үр дүн гарч байна гэж хэлж болох байхаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.