2025.05.21
Г.Уянгахишиг: Цомхотголоор төрийн байгууллагын ямар чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх вэ?
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны (2025.05.20)-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг асуулт асуулаа.
Үндсэн 4 асуулт асууя
Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр 2026 оны төлөвлөгөөн дээр Төрийн албаны реформын хүрээнд 2 ажил төлөвлөсөн байна.
Төрийн байгууллагуудын чиг үүрэгт иж бүрэн шинжилгээ хийсний үндсэн дээр зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн бүтээмжийг дээшлүүлнэ гэсэн байна. Энэ нь хоёр дахь асуудалтайгаа буюу тоо бууруулахтайгаа уялдаж байна.
1. Энэ хүрээнд ямар чиг үүрэг нь хувийн хэвшилд шилжих боломжтой гэж харж байгаа юм бол?
2. Урьдчилсан судалгаагаар юу гарч ирсэн бэ? Заавал бүтээмж ярьж байж орон тоо бууруулах асуудал яригдах учраас суурь судалгаа, бүтээмжийн үнэлгээ хийгдчихсэн байгаа гэж ойлгож байна.
3. Төлөвлөгөөний 4.4-т төрийн албаны хуулийн хэрэгжилтийг сайжруулсан байна гэжээ. Хүснэгтээр харвал 2 ажил байгаагийн 2-ууланд нь байгаа адил зүйл нь төрийн албаны цахим системийг хиймэл оюун, технологийн дэвшилд суурилан хөгжүүлж цахим шилжилтийг эрчимжүүлэх гэдэг нь 2 үзүүлэлтээр 2-ууланд нь ороод иржээ. Арга хэмжээний хэрэгжилт гээд 500 сая, дэд бүтцийн шинэчлэлт сайжруулалт нэвтрүүлэлт гэдэг дээр 500 сая төгрөг нийт 1 тэрбумын ажил тавигджээ. Үүний ялгаа нь юу вэ?
4. 4.5 дээр байгаа төрийн үйлчилгээний талаарх иргэдийн сэтгэл ханамжийн түвшнийг нэмэгдүүлсэн байна гэжээ. Яг юу хийж, жишээлбэл төрийн үйлчилгээний процес дахин инженерчлэл хийх ажлыг үе шаттай хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны төв байгууллагуудын өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавих, нэгдсэн цогц систем нэвтрүүлэх гээд үндсэндээ 3 ажил тавьсан байна. Энэ гурван ажлын хүрээнд ямар байдлаар төрийн үйлчилгээний талаарх сэтгэл ханамжийн түвшин нэмэгдсэн байх вэ? Тухайлбал, суурь түвшин 2, зорилтот түвшин 3 гэчихсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна.
Түүний асуултад ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

Сэтгүүлч