2025.05.02
Х.Булгантуяа: Тэтгэвэр нэмэгдэхэд яагаад гурилын үнэ нэмэгдээд байгаа юм бэ?
УИХ-ын чуулганы /2025.05.02/-ны өдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа
Гурилаа гаднаас гуйж идэхгүй, манай дотоодын үйлдвэрлэл хөгжөөсэй гэж бодож байгаа ААН-үүдээ дэмжинэ гэдэг нь ард иргэдийн амьжиргааг бууруулна гэсэн үг огт биш. Салбарын том бодлого явалгүй яах вэ. Тэгэхдээ нөгөө талдаа үндэслэлгүй үнэ нэмэгдээд байгаа юм биш үү. Үүн дээр салбарын яам хяналт тавьж бодлогоо барьж чадаж байгаа юу гэдэг асуудал. Гурилын үнэ огцом нэмэгдээд байна. Үүн дээр салбарын яам ямар бодлого барьж байна вэ? Хянаж чадаж байгаа юу? Алслагдсан аймаг, орон нутгийн иргэдийн орлого муу, дээрээс нь нэмээд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нь өндөр байх юм бол энэ ядуурлын түвшин өндөр байгаад байна. Жишээлбэл 2022 оны 8 дугаар сард 1 дүгээр гурил 1770 орчим байж байгаад 2023 оны 5 сард 2700 болж 1000 төгрөгөөр нэмэгдсэн. Цар тахал ковидын дараа эдийн засаг бас хүнд байна. Хүмүүсийн цалин орлогыг бид нар дөнгөж сая нэмж байна. Гэтэл энийгээ дагаад гурилын үнэ нэмэгдээд байх юм бол Монгол хүн нэг хүн дунджаар 100кг гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг, тэгэхээр энэ бол иргэдийн амьжиргаанд нөлөөлнө өө гээд өөрийн эрхгүй энэ арга хэмжээг авсан юм. Энэ хуулиар нэлээн уян хатан зохицуулалтыг засгийн газар өөрөө хийх юм байна. Ялангуяа баруун аймгийнхны хувьд бол хүсэх юм бол үйлдвэрлэлийг нь дэмж эсхүл цаанаас нь арай хямдхан гурил идэхийг нь энэ зохицуулалтыг нь хийж өгөх хэрэгтэй. Нэг талдаа дотоодын үйлдвэрлэл аюулгүй байдал гэж ярьж байгаа ч гэсэндээ хүн амьжиргаатай байх чинь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлого. Хүн амьжиргааныхаа наад захын хэрэглээнүүдийг аятайхан хангах чинь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлого байх гэж бодож байна. 2010-2024 оны хооронд ХХАА-н салбарт нийтдээ 1,1 их наядын татаас дэмжлэг үзүүлсэн байна. Зөвхөн 2023 онд гэхэд нийтдээ 110 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг гурилын үйлдвэрүүдэд үзүүлсэн байна лээ. Нэг талдаа бид нар дэмжүүлээд байгаа мөртөө нөгөө талдаа гадаадын өндөр цалинтай орлоготой хүмүүсээс дутахааргүй бид нар бас хүнсний бараа бүтээгдэхүүний үнэтэй байгаа шүү. Тэгэхээр үүнийг бас нөгөө талдаа бодож авч үзэх хэрэгтэй. 2023 оны 7 сард төрийн албан хаагчдын цалинг 30-аас 50% нэмэхэд яг дагаад л гурилын үнэ нэмэгдчихсэн. 2024 оны 4 сард цалин тэтгэвэр нэмэхэд дагаад л нэмэгдсэн. Тэтгэвэр нэмэгдэхэд яагаад гурилын үнэ давхар нэмэгдээд байгаа юм. Энэ хоёрын логик ойлголтыг би сайн ойлгохгүй байна. Тэгэхээр ийм байгаа цагт 5 ААН-үүдийн эрх ашгийг ярихаас илүүтэйгээр 3,5 сая хүний амьжиргааны асуудлыг ярих нь УИХ-ын эрх ашиг байх гэж бодож байна. Үүнийгээ УИХ, ЗГ зохицуулалтаа хийгээд иргэдийн амьжиргааг дэмжих нэг бодлогыг та бүхэн маань авч үзээрэй. Энэ салбарыг тасралтгүй дэмжихгүй биш дэмжиж байгаа. Дэмжих нь зүйтэй гэж бодож байгаа. Гэхдээ нөгөө талдаа алдаа бас их байгаа гэдгийг та ч гэсэн өөрөө бас мэдэж байгаа байх гэж бодож байна.
Түүний асуултад, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.