
ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөр /2025.04.24/-ийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Гурил, улаанбуудай, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах гол нэрийн бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор УИХ-ын 2024 оны 4 дүгээр сарын 19-нд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хэлэлцэн баталсан. Хуулийн хүрээнд улаан буудайн дээд болон I зэргийн гурил 9 нэр төрлийн мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлсөн. Гэтэл гурилын импортын гаалийн албан татварыг чөлөөлсөнтэй холбоотой хилийн боомтуудаар оруулж ирж байгаа гурил нийлүүлэлтийн хэмжээ эрс нэмэгдэж, жилийн эцсийн байдлаар нийт 64.2 мянган тонн улаан буудайн гурил импортолсон байна.
Түүнчлэн 2025 он гарснаас эхний 4 сарын байдлаар нийт 17.1 мянган тонн улаан буудайн дээд болон I гурилыг ОХУ-аас импортолсон байна. Мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 65.2 мянган тонн буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин их тэжээл импортолжээ. Ийм нөхцөл байдал нь стратегийн хүнс болох улаан буудай, гурилын үйлдвэрлэл нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын үйл ажиллагааг тогтворгүй болгож, тэдгээрт хийсэн хөрөнгө оруулалтын үр өгөөж үнэгүйдэх зэрэг эдийн засаг, нийгмийн олон сөрөг нөлөөг дагуулж болзошгүй болсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, салбарын удирдлагууд онцоллоо.