
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ШИНЭ НОМЫН САН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Бичиг соёлын гайхамшигт өв соёлыг, хадгалж хамгаалж, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх Өмнөговь аймгийн Төв номын сангийн шинэ барилгын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Дэлхийн номын сангийн стандартад нийцсэн, номын фондын өргөтгөл, дижитал тоног төхөөрөмж бүхий номын сангийн шинэ барилгыг улсын төсвийн 4,2 тэрбум төгрөгөөр барьж, орон нутгийн төсвийн 2 тэрбум төгрөгөөр интерьер тохижилтыг хийж ийнхүү ажиглалтад орж байна.
Орчин үеийн уншигчдадаа зориулан, дижитал тоног төхөөрөмж бүхий номын сангийн үйлчилгээг нэвтрүүлж, ирээдүй болсон хүүхэд багачуудын унших, сэтгэх, судлах хөгжлийн замыг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн төсвийн 700 сая төгрөгөөр тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ. 2020-2024 оны Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд номын сангийн шинэ барилгыг ашиглалтад оруулах, бүх нөхцөл бололцоог хангасан бол 2024-2028 онд хэрэгжих “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд “Нутгийн номын сан” хөтөлбөрийг боловсруулж номоор дамжуулан хувь хүний бүтээлч хандлага, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд номын сангийн үүргийг нэмэгдүүлж ажиллахаар тусгасан. Мөн аймаг, сумдын номын санг эрдэм шинжилгээний түшиц газар болоход техник технологийн дэвшлийг ашиглан, номын санчдын мэргэжлийн боловсон хүчний тоог өсгөх, мэргэшүүлэх, сайн туршлага судлах нэвтрүүлэх, ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Номын сангийн сан хөмрөгт хадгалаастай 45090 ширхэг ном бүтээлд Өмнөговь аймаг үүсэн байгуулагдсан цагаас эхлэн говь нутгийн хөдөлмөрч ард иргэдийн үүх түүх, олон зуун зохиолч бүтээлчдийн утга зохиолын бүтээлүүд, дундаршгүй арвин баялаг үнэт зүйлс багтаж байгаа билээ.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж:
Шинэ номын сан ашиглалтад орсноор ном уншигч, үйлчлүүлэгчдийн тоо олноор нэмэгдэх юм. Өндөр үнэлэгддэг чадваруудын нэг бол анализ хийх болон шүүмжлэлтэй сэтгэн бодох чадвар юм. Биеийн хүчний ажлуудын зарим нь аль хэдийнээ техник технологиор орлогдсон, цаашдаа ч бүрэн орлогдох байх. Харин ном уншиж олж авсан чадваруудыг юугаар ч орлуулах боломжгүй билээ. Орчин үеийн шийдэлтэй тохилог номын сандаа зорин очиж, өдөр бүр уншиж хөгжөөрэй.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан