2025.04.24

Б.Жаргалан: Мэдээллийн урсгал төрөөс, төсвөөл хамааралтай болсон тул Хэвлэлийн эрх чөлөөний асуудалд 7 хэмжиж 1 огтлох зарчмаар хандахыг сануулъя!

УИХ-ын чуулганы 2025.04.24-ний асуудлаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай дөрөвхөн заалттай хууль анх 1998 онд анх батлагдсан. Эргээд харахад 1996-2000 оны хооронд ажиллаж байсан УИХ Ардчилсан Үндсэн хуулийн үзэл санаатай органик хуулиудыг нийцүүлэх чиглэлээр, шинэ нийгмийн үзэл санааг төлөвшүүлэх чиглэлээр томоохон ажлуудыг хийж чадсан байна. Ардчилсан тогтолцоог бэхжүүлэхэд том үйл хэрэг бүтээж чадсан юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Аливаа зүйл товч тодорхой байх тусмаа илүү хүчтэй, үр дүнтэй байдаг гэдгийн үлгэрээр өнгөрсөн хугацаанд бараг 30 орчим жил энэ хуулинд УИХ хүрч зүрхлээгүй. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийн эрх чөлөө бол Монголын ардчиллын амин сүнс. Үеийн үед ардчилалд хайртай хүмүүс үүнийг ойлгож байсан. Хоёрын хооронд өөрчлөлт хийж эрсдэлийг нэмэгдүүлж байснаас энэ чигээр нь үлдээсэн нь дээр санагдаж байсан юм болов уу. Тиймээс бид 7 хэмжиж 1 огтлох зарчмаар энэ асуудалд хандахыг сануулъя.
Харамсалтай нь сүүлийн жилүүдэд Монголын ардчилал хямарч байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө хумигдаж байна. Нэг талаас мэдээллийн урсгал нэмэгдсэн юм шиг хэрнээ, нөгөө талаас мэдээллийн урсгал нь төрөөс, төсвөөс хамааралтай болсон. Мөн уламжлалт ХМХ-ээс гадна олон нийтийн харилцааны платформууд хөгжиж хүн бүр шахуу контент үйлдвэрлэгч болсон. Улмаар хуурамч мэдээлэл ч нэмэгдсэн. Сэтгүүлчдэд хэрэг нээх, сэтгүүлчдийг саатуулах, шоронд хийх тохиолдол ч олширсон байна. Хамгийн сүүлд Ноорог-ийн залуусыг залхаан цээрлүүлсэн явдал гарсан.

Нэгдүгээрт, Ноорогтой холбоотой асуудал юу болсон бэ? Энэ хэрэг явдлаас бид ямар сургамж авсан бэ? Цаашид бид сэтгүүлчдээ яаж бодитоор хамгаалах вэ?

Хоёрдугаарт, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг О.Алтангэрэл сайд хэд хэдэн удаа дурдлаа. Уг хуулиар олон нийтийн мэдэх эрхийг баталгаажуулж өгсөн боловч Төрийн болон Албаны нууцын тухай хуулиар маш их мэдээллийг нууцалсан. Энэ зүйл дээр ямар бодолтой байна вэ? Хэдэн төрлийн мэдээллийг нууцалсан бэ? Төрийн болон албаны нууцыг цөөлөх талаар салбарын яам ямар арга хэмжээ авч байна вэ? Үүн дээр ЗГ-ын бодлого хэрхэн явж байгаа вэ? Нүүрсний офтейкийн гэрээнүүдээ бид нэг хэсэг нууцалчихсан байсан.

Гуравдугаарт, Засгийн Газар, төрийн байгууллагууд Монгол Улсын хамгийн том зар сурталчилгааны худалдан авагч болсон талаар гишүүд дурдаж байна. Энэ судалгаанууд хэдэн жилийн өмнө гарчихсан байсан санагдаж байна. Хамгийн том зар сурталчилгаа худалдан авагчийн №1-т Засгийн газар байсан. Өдөр тутамдаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зарж борлуулдаг компаниудтай өрсөлдөөд нэг номерын зар сурталчилгаа нийлүүлээд байгаа. ЗГ-т энэ чиглэлийн нарийн мэдээлэл байхгүй юм байна гэдгийг сайдын ярианаас ойлголоо. Уул нь ЗГ-аас судалгаануудаа хийгээд хуулийн төсөл өргөн барьж байгаа бол Сангийн яамнаасаа мэдээллүүдээ аваад энэ бүх тоон мэдээллүүдээ нэгтгэвэл бас сайн байна. Үүнтэй холбоотойгоор хуулийн төслийн 6.7-д төсвийн заалттай холбоотой сонин заалт ороод иржээ. Үүнийг тайлбарлаж өгнө үү гэж хүсье!

Түүний асуултад ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хариуллаа.