ТӨВ АЙМАГ ТӨСӨВ 2024: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 8.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХИЙГДЭНЭ
2023.12.11
Орон нутгийн хөгжил

ТӨВ АЙМАГ ТӨСӨВ 2024: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 8.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХИЙГДЭНЭ

Төв Аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ажилтан албан хаагчидтай уулзаж, төрөөс эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр баримталж байгаа бодлого хөтөлбөр, арга хэмжээний талаар мэдээлэл хийж, албан хаагчдын санал, хүсэлтийг сонслоо.

УИХ-аас 2024 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн баталж, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр ирэх оны 4 сараас эхлэн төрийн бүх албан хаагчдын цалинг 10%, нийтлэг үйлчилгээний салбарын ажиллагсдын цалинг 20%-иар нэмэгдүүлж, орон нутгийн нэмэгдлийг аймагт 20%, суманд 40%-иар тооцож олгохоор шийдвэрлэснийг танилцууллаа.

Орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч, аймгийн Эрүүл мэндийн салбарт 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8.2 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгуулсан. Тухайлбал,

  • Аймгийн Нэгдсэн Эмнэлгийн 50 ортой өргөтгөлийн барилгыг 2023 оны 12 сард багтаан ашиглалтад оруулах
  • Эрдэнэсант сумын Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлийг дуусгахад шаардагдаж байсан үлдэгдэл санхүүжилт
  • Хөшигийн хөндийд баригдаж байгаа ХӨСҮТ-2 барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажил
  • “Эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэхэд 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ.
  • Салбарын хууль тогтоомжийн хүрээнд УИХ-ын чуулганаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Эрүүл мэндийг дэмжих сангийн үйлчлэх хүрээг өргөжүүлэхээр ажиллаж байгаа талаар танилцууллаа. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн иргэдэд эмчилгээний төлбөрийн 5.0 хувийг ЭМД-ын сангаас өгч байгаа.

Энэ хууль хэрэгжсэнээр гадаадад эмчлүүлж байгаа хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувь, насанд хүрэгчдийн зардлын 20 хувийг тус сангаас өгөхөөр журамлах юм.

Энэ дагуу 2023 оны төсөвт 2.0 тэрбум төгрөг ЭМД-ийн санд хуваарилсан бол ирэх оны төсөвт 5 дахин нэмэгдүүлж, 10.0 тэрбум болгохоор тусгасан бөгөөд үүнийг 50-60 хувийг эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх зардалд, үлдсэнийг гадаад эмчилгээний зардал, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах чиглэлээр хуулийн төсөлд тусгасан талаар мэдээлэл өглөө.

ШИНЭ МЭДЭЭ