Татварын орчныг судлах “МОНТАТ” моделийг Улсын Их Хурлын дарга болон ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа
2023.12.05
Эдийн засаг, Худалдаа

Татварын орчныг судлах “МОНТАТ” моделийг Улсын Их Хурлын дарга болон ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа

Засгийн газраас татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, түүний үр нөлөөг тооцох аргачлалыг боловсруулахаар судлаачдаас бүрдсэн ажлын хэсгийг өнгөрөгч 2022 онд байгуулсан байна.

Ажлын хэсэгт МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Н.Ууганбаатар, тус сургуулийн Математикийн тэнхимийн профессор Г.Баярмагнай, дэд профессор Ц.Сэлэнгэ, ахлах багш С.Цогзолмаа, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахлах судлаач З.Манлайбаатар, “Анд системс” ХХК-ийн дата аналист Э.Оргил-Эрдэнэ нарын судлаач, мэргэжилтнүүд ажиллажээ.

Судлаачид өнөөдөр (2023.12.05) “Татвар-ашиг тусын микросимуляц”-ийн загварчлалын “МОНТАТ” моделийг хийж, гүйцэтгэснээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон Улсын Их Хурлын ажлын хэсгийн гишүүдэд танилцууллаа.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал болон Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөл оролцов.

Судлаачид “МОНТАТ” моделийг боловсруулахдаа Үндэсний статистикийн хорооны өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа болон бусад микро түвшний нээлттэй мэдээлэл дээр тулгуурлаж, өрх болон аж ахуйн нэгжүүдийн татвар, түүний ачаалал зэргийг нарийвчлан тооцоолсон байна.

Моделийг танилцуулахдаа “Татвар-ашиг тусын микросимуляц”, “Шударга татвар”, “Монголын өгөгдөл дээрх дүн шинжилгээ”, “Далд эдийн засаг, татвар төлөлтийн хандлага” гэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өглөө.

Аливаа төрийн бодлого, шийдвэр шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд суурилсан байхын чухлыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлоод нэг жилийн хугацаанд их өгөгдлийг нэгтгэн боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хэсгийн гишүүдэд баяр хүргэв.

Тэрбээр, эдийн засгийг урт хугацаанд тогтвортой тэлэх, нийгмийн шударга байдлыг тогтооход судлаачдын бүтээл ач холбогдолтой боллоо. Цаашид холбогдох байгууллагууд өөрт байгаа чанарын болон тоон мэдээллээ нэгтгэн боловсруулж, уг моделийг улам сайжруулах хэрэгтэйг онцлон тэмдэглээд Сангийн яам, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хамтран ажиллахыг чиглэл болголоо.

ШИНЭ МЭДЭЭ