МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Одонтуяа: Авлигын шүүх эрх баригчдын өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болно
2023.12.07
Улстөр

С.Одонтуяа: Авлигын шүүх эрх баригчдын өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болно

"Ардчилал хүний эрхийн уулзвар" эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд болж байна. Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Засгийн газраас өргөн барьсан авлигын шүүх байгуулах асуудалд байр сууриа илэрхийлэв.

Тэрээр "Засгийн газраас өргөн барьсан авлигын шүүх байгуулах хууль бол шүүх эрх мэдлийн үндсэн үүргийг үндсээр нь доголдуулах болно. Улс төрийн захиалгаар өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болохгүй гэсэн баталгаа байхгүй. Миний бие улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах, удирдан зохион байгуулах комиссын даргаар ажиллаж байна. 30, 40-өөд онд Онцгой бүрэн эрхт комисс гэж гурван хүн гаргаад л жирийн шүүхээ больж, өмгөөлөгчгүйгээр тэр гурван хүн л өдөрт олон хүнийг цаазалж, ял өгч байсан. Яг үүнтэй адилхан зүйл л авлигын шүүх дээр болох гээд байна. Авлигын шүүх байгуулснаар хүн давж заалдах эрхгүй болно. Хүний эрхийг ноцтой зөрчинө" гэлээ.

Эргэн сануулахад, Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан авлигын хэргийг хянан хэлэлцдэг шүүх байгуулах тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ яаралтай горимоор хэлэлцэхээр болсон.

Ингэхдээ авлигын дагнасан шүүхийн ажиллаж эхлэх хугацааг 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэмээн тусгасан байна. Харин Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш нэг жилийн хугацаанд авлигын хэргийг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцэж, Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл, авлигын хэргийг одоо эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд хэлэлцдэг бол үүнийг болиулж шууд давж заалдах шатны шүүх дээр хэлэлцэнэ гэсэн үг юм.

ШИНЭ МЭДЭЭ