МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Азийн соёлын төвтэй хамтран ажиллана
2023.11.24
Гадаад харилцаа

Азийн соёлын төвтэй хамтран ажиллана

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс БНСУ-ын Гванжу хот дахь Азийн соёлын төвтэй хамтран ажиллахаар боллоо.

Хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа, БНСУ-ын Азийн Соёлын төвийн Ерөнхийлөгч Ли Канг-Хён нар 11 дүгээр сарын 23-нд Гванжу хотын Азийн Соёлын төвд гарын үсэг зурав.

Ийнхүү гарын үсэг зурснаар хоёр улсын түүхэнд болсон улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хандлага, хор уршиг, үр дагаврыг арилгах, соён гэгээрүүлэх, нөлөөллийн чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлага солилцох, мөн соёлын хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ноён хутагт Данзанравжаагийн устгагдаж үгүй болсон үнэт өвийг тодорхойлох, түүхийн баримт материал болгон, НҮБ-ын ЮНЕСКО-гийн “Дэлхийн баримтат өвийн жагсаалт”-д бүртгүүлэхэд хамтран ажиллах боломж нээгдэж байгаа юм.

Монгол Улс, БНСУ нь хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй. БНСУ нь Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс тууштай дэмжиж ирсэн манай гуравдагч хөрш, ойр дотно түнш орон юм. БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа санамж бичиг байгуулах үеэрээ тэмдэглээд, “Хоёр орны ардчиллыг бэхжүүлэх нэгдмэл зорилго манай хоёр байгууллагын хамтын ажиллагааны үндэс байх болно. Ардчиллын үндэс нь хүний эрх, эрх чөлөө тул түүхийн хугацаанд төрийн буруу үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорыг арилгах, төр уучлал гуйх, хүндэтгэх нь туйлын чухал юм.

Ардчиллыг бэхжүүлэхдээ түүхийг үнэн зөвөөр олон нийтэд таниулах, сурталчлах, түүх давтагдахаас урьдчилан сэргийлэх, хохирсон иргэдийнхээ эрхийг хангахнь чухал билээ. Монгол Улсад хүний эрхийг зөрчих, хэлмэгдүүлэлт аль нэг хэлбэрээр давтагдахаас урьдчилан сэргийлэх, төр, иргэн шүүхийн өмнө ижил тэгш эрх, оролцоотойг тунхаглан баталгаажуулах, түүний нийгэм, улс төрийн баталгаа буй болгох чиглэлээр төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт, соён гэгээрүүлэх нөлөөллийн хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд Азийн соёлын төв, Гванжу хотын ардчиллын өвөөс туршлага судлан, хамтдаа хүний эрх, ардчилал, энхтайвныг бэхжүүлэх тодорхой ажил, үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа”-гаа илэрхийллээ.

Цэргийн дэглэмийг эсэргүүцсэн, тус хотын Чоннам Үндэсний Их Сургуулийн оюутнуудруу БНСУ-ын зэвсэгт xүчин 1980 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гал нээж, хүчирхийлэл үйлдсэний дараа Ардчилсан хөдөлгөөн эхэлсэн гэж үздэг байна. Улмаар 1997 онд “5 дугаар сарын 18”-ныг Хэлмэгдэгсдийг дурсан хүндэтгэх үндэсний өдөр болгож, 2011 онд Гванжугийн оюутнуудын Ардчилльін хөдөлгөөний түүхийн баримт материалыг ЮНЕСКО-гийн олон улсын санах ой болох “Дэлхийн баримтат өвийн жагсаалт"-д бүртгүүлжээ. БНСУ төрийн бодлогоороо Чоннам үндэсний их сургуулийн оюутнуудын Ардчиллын түүхийн баримт материалыг түгээх, судалгааны эргэлтэд оруулах, энэ түүх давтагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор улсдаа төдийгүй бүс нутагтаа ардчиллын загвар өв болгон дэлгэрүүлэхэд анхаардаг байна.

Жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр Гванжу хотод байрлах хориод объект, гудамж талбайд тус хөдөлгөөнийг санан дурссан ардчилал, хүний эрх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан зохион байгуулах зэргээр үндэсний хэмжээнд ардчиллын үнэт зүйлийг сануулан тэмдэглэх, санах ойн өдөр хэмээн хүндэтгэн өнгөрүүлдэг байна. Гванжу хотод 2015 онд байгуулсан Азийн соёлын төв нь архитекторын өвөрмөц шийдэл, зохион байгуулалт бүхий барилгатай бөгөөд музей, театр, номын сан, боловсролын, бүтээлч технологийн, хүүхдийн хөгжлийн төв, үзэсгэлэнгийн танхимаас бүрддэг. Энд цуглуулсан судалгааны мэдээлэл, нөөц бололцоог ашиглан төрөл бүрийн үзэсгэлэн, үзүүлбэр, баяр наадам зэрэг үйл ажиллагааг жилийн турш зохион байгуулж, олон салбарын мэргэжилтнүүд оюуны бүтээл, туршлага, ур чадвараа солилцох боломж бүрдүүлдэг байна. Мөн дэргэдээ Азийн Соёлын судалгааны хүрээлэн, Урлаг бүтээлч технологийн төвтэй аж.

Монгол Улс, БНСУ-тай 1990 оны 3 дугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа өндөр түвшинд хүрч, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн зарчимд түшиглэн нийгэм, эдийн засгийн бүх салбарт гүнзгийрэн хөгжиж байгаа билээ.

ШИНЭ МЭДЭЭ