ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
2024.03.20

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, сургалт, судалгаа явуулах, мэдээллээр хангах чиглэлээр “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-той хамтран ажиллахаар хэлэлцсэн.

Улмаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гүенбаатар, “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Чулуундолгор нар 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Санамж бичгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, сонгох, сонгогдох эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, уулзалт зохион байгуулна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх чиглэлээр сонгуулийн хэсгийн хороодын ажилтнуудыг чадавхжуулах, олон нийтэд хүргэж буй зөвлөмж, зааварчилгаа, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санал авах байрны орчны хүртээмжийг сайжруулах, сонгуулийн хууль тогтоомжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хэрэгжилтийг тусгуулах, олон улсын болон үндэсний ажиглагчдаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх зэргээр хамтран ажиллах юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn