2024.01.15

АВЛИГЫН ЭСРЭГ ТЭМЦЭЛД АРД ТҮМЭН ЯЛНА

“Авлига, хүнд суртал, шударга бус байдал, ялгамжтай хандлага, хулгай луйвар, МАНАН бүлэглэл… энэ бүхэн сүүлийн 30 жил монголын ард түмний нурууг авч, үл итгэлцэл, гажуудсан тогтолцоо, хүнийрхсэн нийгмийг буй болгосон. Бид хэн нэгэн сайн Засгийн газар, удирдагч гарч ирээд энэ бүхнийг өөрчлөн сайхан амьдрах эх орон бэлдээд өгөх юм шиг мөрөөдөж явсан зүүднээсээ сэрэх цаг болсон.

Угтаа улс үндэстнийхээ хүссэн шинэчлэлийг хийх, бас хүсээгүй үзэгдлийг арилган хөөх эрх зүй, эдийн засгийн орчныг бүрдүүлэх гэж ард түмэн төр засгаа байгуулдаг. Харин ард түмэнтэйгээ хамт байж, тэдний оролцоо дэмжлэгээр энэ бүхнийг хэрэгжүүлдэг. Тиймээс таны дэмжлэггүйгээр эх орон шинээр сэргэж, шинэчлэл хийж, таны оролцоогүйгээр шударга ёс тогтож чадахгүй. Эх оронд, Засгийн газарт, Шинэ сэргэлтийн бодлогод ТА хэрэгтэй байна.” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн реформ” номдоо бичжээ. Өмнөх Засгийн газрын гал тогоо буюу Хэрэг эрхлэх газрын даргаар 2019 оноос хойш ажилласан Л.Оюун-Эрдэнийг Монголын засаглал, улс төр, ирээдүйг нөмөрсөн МАНАН бүлэглэлтэй ийм тууштай, зоригтой, хүчтэй тэмцэж, ард түмний дэмжлэг авч чадна гэж хэн ч төсөөлөөгүй биз. Харин түүнд шударга ёсыг хүссэн ард түмэн нь итгэж байсан.

Олон түмэн маань удаан жил ярьсан МАНАН-гаа олж хардаг, түүнээс жигшдэг болсон нь түүнтэй тэмцэх эр зориг бидэнд өгсөн юм аа.

Энэ эр зоригийг бадраах, хөгжүүлэх үүрэг нь өнөөгийн эрх баригчдийн үүрэг тул өнгөрсөнөөс үүдэлтэй гажуудал бүрийг засах, ил тод, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шинэчлэлийг эхлүүлсэн нь “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” билээ.

СОРИЛТ ДУНДААС ТӨРСӨН “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”

2021 оны нэгдүгээр сарын 27- ны өдөр Монгол Улс шинэ Ерөнхий сайдтай болсон түүхэн өдөр. УИХ-ын гишүүдийн 87.9 хувийн саналаар 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ сонгогдсон бөгөөд Монголын улс төр, эдийн засгийн хүнд хэцүү, “COVID-19”-ийн сорилтод орсон, Оюутолгой төслийн гэрээг сайжруулах хэлэлцээрийн үед Засгийн газрын тэргүүнээр томилогдсон нь түүний кабинетэд том сорилт байлаа. Сорилт дундаас Шинэ сэргэлтийн бодлого гарсан. Энэ бол Монгол орны улс төрийн тогтоцыг төгөлдөржүүлэн ардчилал, эрх чөлөөгөө хамгаалах бодлого юм гэж товчоор тодорхойлж буй. Төр авлигагүй байх нь хууль цааз шударга шулуун байж, ижил тэгш үйлчлэх нь ямар нэгэн ГАЙХАМШИГ биш. Аль ч улс орны иргэдэд байдаг амьдралын энгийн хэрэгцээ. Гэтэл монголчууд энэ бүхнээ МАНАН-д булаалгасан он жилүүдийг үүгээр эцэслэж байна. Шинэ сэргэлтийн бодлогоор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ард түмэндээ гайхамшиг бүтээж өгөх гээгүй, диваажин байгуулж жаргаахыг мөрөөдөөгүй. Ердөө л хэвийн эрүүл орчинд, жирийн амьдрах боломжийг нь өгөхийг хүсэж байна. Үүнийгээ тэд “Шинэ сэргэлт”-ээр томъёолсон.

Монгол Улс шинээр сэргэж, хэвийн амьдрахын тулд эдийн засаг, улс төр, нийгмийн тогтолцоог эрүүлжүүлэх, дэлхийн улс орнуудын адил энгийн, хэвийн горимд оруулах ЦОГЦ БОДЛОГО юм.

Цар тахлын үед эдийн засаг -4.6 хувьд хүрч агшсан. Засгийн газраас “Коронавируст халдвар /ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль, “Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж Монгол Улс бусад оронтой харьцуулахад ард иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулж, түргэн шуурхай арга хэмжээ авч, цар тахлын үеийг хохирол багатай даван туулсан нь дэлхий дахинд сайн туршлагуудын нэг болсон гэж үнэлэгдсэн билээ. Тоо худал ярьдаггүй. Сүүлийн 2 жил, ирэх жилийн Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг харвал,

Энэ бол Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн зөв бодлого, арга хэмжээнээс шууд хамаарсан. Мөн танай улс цар тахлын үед эрүүл мэндийн салбартаа анхаарахаас гадна эдийн засгаа зэрэгцүүлж авч явсан нь хүндрэлийг богино хугацаанд давахад зөв бодлого болсон.

гэж ДЭМБ-ын захирал онцлон тэмдэглэсэн юм.

Шинээр бүтээн байгуулалтууд хийх нь байтугай өмнөх оны бүтээн байгуулалтаа ч дуусгах чадамжгүй болсон улсын төсвөө аврахын тулд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг санаачлан батлуулж, Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсвийн хэмнэлт хийж, өрийн менежментдээ анхаарч томоохон гадаад өрийн төлөлтүүдийг Засгийн газар хийж чадлаа.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны эргэн төлөлт 1.5 их наяд төгрөгт хүрч, Евро бондын 500 сая ам.долларын өрийг төлж барагдууллаа. 11 сарын 25-нд Самурай бондын 30 тэрбум иенийн өрийг төлнө.

АВЛИГАЧДЫГ АВЛАХ “А” ТӨЛӨВЛӨГӨӨ БУЮУ “ТАВАН Ш” АЖИЛЛАГАА

Шинэ сэргэлтийн бодлого нь авлигатай тэмцэх "фронт”-ын шугамаа өргөтгөж, шударга ёсны төлөө тэмцлийг хэн нэгэн, хэсэг бүлгийг онилж биш, нийгмийн бүхий л салаа мөчрийг оролцуулан нийтээр нь өрнүүлж байгаагаараа онцлог бөгөөд шинэ юм гэдгийг Л.Оюун-Эрдэнэ онцлон хэлдэг. 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, авлигачдыг авлах “А” төлөвлөгөө болох “Таван Ш” ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүгээр МАНАН-гийн цаана “нууц”-алсан байсан олон хулгай луйвар, ил тод болж илчлэгдэхийн цагт үүрээ эвдүүлсэн шоргоолжууд адил бужигнаж эхэлсэн.

Бидний дунд шургалсан манантагч, хууран мэхлэгчид, хулгайлагчидтай тэмцэл явуулж байгаа юм. Гэхдээ бидний тэмцэл ялахад ямар нэгэн гайхамшиг бий болж, ер бусын диваажин сүндэрлэхгүй, хувь тавилангийн бэлэг тараагдахгүй. Харин шударга ёс, хэвийн эрүүл амьдралаа бид эргүүлэн авах болно.

Шинээр дахин сэргэхгүй л юм бол ардчиллаа, эрх чөлөөгөө алдахын ирмэгт ирснийг ухаарсан ард түмэн Л.Оюун-Эрдэнийг, Шинэ сэргэлтийн бодлогыг, “Таван Ш ажиллагааг” дэмжиж, авлигын эсрэг тэмцэлд хамтдаа ЯЛАХ болно.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn