АН-ын тодроогүй тоглогч
2023.08.15

АН-ын тодроогүй тоглогч

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 буландаа УИХ-ын 14-р тойрогт нэр дэвшиж сонгогдсон Цэвэгдоржийн Тувааныг онцолжээ.

Төв аймгийн уугуул тэрбээр парламентад төдийлөн тодроогүй сөрөг хүчний гишүүн. Тэрбээр 2020 онд анх удаагаа сонгогдсон гишүүдийн нэг. Хүний их эмч мэргэжилтэй, орос, словак хэлтэй. 1989-1990 онд Коминскийн их сургуульд сурч, 1991-2000 онд Анагаах ухааны их сургуульд хүний их эмчээр суралцсан. 2008 оноос 2012 онд Эрүүл мэндийн сайдын орон тооны бус зөвлөх хийжээ. Дараа нь "Голден ийгл" компанийн захирлаар ажиллаж байжээ. Түүнчлэн 2012-2014 онд Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар хоёр жил ажилласан туршлага бий. Дараа нь 2015-2016 онд Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газар Ерөнхий Газрын дарга, 2017-2020 онд Ардчилсан нам Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2020 оны УИХ-ын 14 тойрогт өрсөлдөн ялалт байгуулсан.

Ц.ТУВААН АН-ААС ХӨӨГДСӨН, ХӨӨГДӨӨГҮЙ

Парламентад ажилласан цагаасаа хойш АН-ын дарга асан С.Эрдэнэтэй түнжин хагарч тамга тэмдгийн маргаантай явсан. Энэ байдал хурцдаж, АН албан ёсоор хоёр талдаа гарсан гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, 2020 онд сонгуульд ялагдал хүлээсэн С.Эрдэнэ тамгаа түүнд хүлээлгэн өгсөн гэдэг. Гэвч дараа нь С.Эрдэнэ Улсын бүртгэлийн газарт хандан АН-ын тамгыг шинээр хийлгэсэн түүх бий. Энэ мэтчилэн АН-ын хагарал, бутрал тэднээс үүдэлтэй. 2021 онд Ц.Туваан АН-ын даргын үүрэг гүйцэтгчээр ажиллаж, өөрийнхөө талд даргын сунгаа зарлаж байлаа. Дараа нь шинэ даргадаа тамгаа өгнө гэхчлэн С.Эрдэнэд бууж өгөлгүй дээд шүүхэд хандаж байв. Энэ явдлын дараа түүнийг АН-ын даргад горилж буй талаарх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Гэвч араас нь АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбат түүнийг бүлгээс хөөж байгаа талаар мэдээлж байлаа. Хариуд нь тэрбээр намдаа хэвээр байгаа. АН-аас хөөгдсөн гэдэг үгийг 3 дахь удаагаа сонсч байгаа гэсэн юм. Ц.Тувааны талынхныг ерөнхийлөгч асан Х.Баттулгынх гэж сэмхэн ярилцах нь бий. Үндсэндээ хоёр жил тамганы маргааныг Ц.Туваан, С.Эрдэнэ бус дээд шүүх Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэснээр хэрүүл намжсан. Харин УИХ-д түүний сөрөг хүчний дуу хоолой сул, улс төрийн тоглолт багатай. Өнгөрөгч хавар сөрөг хүчний гишүүд "Нэг Монгол" хөдөлгөөнийг байгуулсан. Уг хөдөлгөөний тэргүүн нь УИХ-ын гишүүн Н.Ганибал бол Ц.Туваан "тулгын гурван чулууны" нэг нь.

ОЛОН ТООНЫ МАЛТАЙ ГИШҮҮДИЙН ТООНД БАГТДАГ

Түүний санаачилсан хуулийн төслөөс танилцуулахад “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээл чөлөөлөх” тухай хуулийг санаачилсан. Энэхүү хуулийн төслийн талаар тайлбарлахдаа “Уг хуулийн төслийн агуулга нь тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй байхдаа нас барсан ахмад настны зээлийг төр хариуцаж тухайн арилжааны банкинд нь төлөх тухай тусгасан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар бол нас барсан ахмад настны ар гэр, үр хүүхдүүд тэтгэврийн зээлийг нь төлж барагдуулдаг. Тиймээс энэ байдлыг өөрчлөх зорилготой” гэж байжээ. 2023 онд тэрбээр тойргийн сонгогчдодоо үхэр тарааж, олны шүүмжлэлийг хүртсэн.

2022 онд түүний ХОМ-д дурдсанаар жилийн 122 сая төгрөгийн орлоготой, 634 сая төгрөгийн үнэлгээ бүхий нийтийн нэг орон сууцтай, 900 хонь, 305 ямаа, 63 үхэр, 641 адуутай, 3.5 сая төгрөгийн хадгаламжтай гэж байжээ. Өөрөөр хэлбэл парламентад хамгийн олон тооны малтай гишүүдийн тоонд бичигддэг. 2023 онд АТГ-аас гаргасан мэдүүлэгт 629 адуу, 55 үхэр, 803 хонь, 280 ямаа буюу 1767 тоо толгой малтайгаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн дараа бичигдэж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1991 Ерөнхий боловсролын дунд сургууль
  • 2000 Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч, бакалавр
  • АЖЛЫН ТУРШЛАГА
  • 2008-2012Эрүүл мэндийн яам Сайдын орон тооны бус зөвлөх
  • 2012 оноос“Голден-Ийгл” ХХК Захирал
  • 2012-2014 Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яам Дэд сайд
  • 2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга
  • 2015-2016 Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газар Ерөнхий Газрын дарга
  • 2017-2020 Ардчилсан нам Ерөнхий нарийн бичгийн дарга