2023.07.27

ТӨР ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ЭН ТЭНЦҮҮ ТҮНШИЛНЭ

Монгол Улсын Их Хурлын намрын чуулганаар батлагдсан гол хуулиудын нэг нь “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай” хууль юм.

УИХ-аас 2009 онд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-ийг баталж, үүний дагуу Концессын тухай хуулийг 2010 онд баталсан.

Гэвч уг хууль төр хувийн хэвшлийн оролцоог бүрэн хангаж чадаагүй, практикт бодитой хэрэгжээгүй. Гүйцэтгэлгүй төсөл, хөтөлбөрөөс болж улсын төсөвт дарамт учирсан нь дээрх хуулийг батлах шаардлага болсон юм.

Шинэ хуулиар томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдийг дан ганц төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэх бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, тэдний ур чадварыг ашиглаж, өрсөлдөөн бий болгон, бага зардлаар олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх эрх зүйг бүрдүүлсэн гэж хууль санаачлагчдын зүгээс үзэж буй.

Эдийн засгийн үр ашигтай төр, хувийн хэвшлийн төслийг сонгож, төсөвт учруулах эрсдэлийг тооцоолон, төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй удирдах нөхцлийг бүрдүүлэн, “Барих-Шилжүүлэх” төрлийн богино хугацаатай, үр ашиг муу төслийг түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглох зэрэг зохицуулалтуудыг тусгасан.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль нь уул уурхай, банк санхүү, батлан хамгаалахаас бусад бүх салбарт үйлчилнэ.
Эйфелийн цамхгийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьсан нь:
Анхны хөрөнгө оруулалт 21 сая евро байсан бол одоогийн үнэлгээ нь 453 тэрбум евро болсон. Тухайн үеийн 6.6 сая франкийн /өнөөгийн үнэ цэнээр 21 сая евро/ өртөгтэй боссон уг цамхгийн 1.5 сая (23%)-ыг Парисын төсвөөс төлж концесс эзэмшигч нь үлдсэн санхүүжилт болох 5 сая франкийг 20 жилийн үйл ажиллагааны ашгаараа барагдуулсан байна.

Б.Баттогтох “AKP” хуулийн фирмийн хуульч

- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хуулиар тусгайлан зохицуулсан нь зөв алхам болсон. Олон улсад ийм жишиг, туршлага байдаг. Гэвч энэ хуулийг батлахдаа Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд үйлчлэхгүй байхаар зохицуулсан. Ингэж зохицуулах болсон шалтгаан хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулгад байхгүй. Уг хуулийг бүхэлд нь харвал захиргааны гэрээний нэгэн төрлийг хуулиар нарийвчлан зохицуулсан гэж үзэхээр байна. Хуульд түншлэлийн гэрээг иргэний эрх зүйн гэрээ хэмээн тодорхойлсон нь анхаарал татаж байгаа юм.

- Учир нь түншлэлийн гэрээ нь захиргааны гэрээний шинж илүү давамгайлсан гэрээ (иргэний гэрээ биш) байхад түүнийг иргэний эрх зүйн гэрээ гэж хатуу тодорхойлсон нь буруу. Ингэж зохицуулсан нь энэ чиглэлээр мэргэшсэн хуульч, эрдэмтэн судлаачдын байр суурь, саналыг тусгаагүйтэй холбоотой.

- Энэ алдааг засаж, хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай. Ингэхдээ Түншлэлийн гэрээг /иргэний эрх зүйн гэрээ/ хэмээн заасныг өөрчлөн захиргааны гэрээ гэж тодорхойлох, Захиргааны ерөнхий хуульд орсон өөрчлөлтийг хүчингүй болгож, захиргааны шүүхийн хяналтад оруулснаар жинхэнэ ёсоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж, иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг, сонирхол хамгаалагдах нөхцөл бүрдэнэ.

Түншлэлийн гэрээ болон түүнийг дагалдан байгуулах гэрээнүүд нь тэгш эрхийн зарчимд суурилсан иргэний эрх зүйн гэрээ байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтад үл хамаарна гэж заасан нь алдаатай зохицуулалт болсон.