Эмийн чанар хянан шалгах түр хорооны явцын тайлан, санал, дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
2023.06.16

Эмийн чанар хянан шалгах түр хорооны явцын тайлан, санал, дүгнэлтийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын гишүүн Н.Учрал хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эм үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог 2022 оны 5 дугаар сараас хойш 6 сарын хугацаанд ахалж, УИХ-ын гишүүдийн хамт ажиллалаа.

Хянан шалгах түр хороо нь 3 удаа хуралдаж, дотоодын болон импортын эмийн чанар стандартын өнөөгийн байдал, эмийн хяналтын тогтолцоо, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийг сонссон. Мөн Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн шинжилгээний лаборатори болон Монос эмийн үйлдвэрийн Эм бэлдмэл, сорилтын лабораторийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан.

Хяналт, шалгалтын явцад манай улсад бүртгэлтэй хуурамч болон стандарт бус эм бүртгэгдсэн талаарх нотлох баримт хангалтгүй учраас шинжээч, хянан шалгагч томилоогүй. Түүнчлэн эмийн чанар, аюулгүй байдал нь зөвхөн тухайн эмийн түүхий эдийн сав баглаа боодлоос гадна шинэ эмийг хөгжүүлэх, турших, үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, эмийн үнэ, түүний зохистой хэрэглэх зэрэг олон хүчин зүйл, дадал үйл ажиллагаанаас хамааралтай тул хяналт, зохицуулалтыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Өнгөрсөн хугацаанд эмийн хяналт тавих, хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй, хэрэгжилт, хяналт сул, түүнээс үүдсэн үр дүнг дүгнэх боломжгүй, тодорхойгүй байдал үүссэн. Тиймээс

  • - Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг цогцоор хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх
  • - Нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой байдлын үеийн зайлшгүй шаардлагатай болон эмийн улсын нөөцийн төвтэй болох асуудлыг судлан шийдвэрлүүлэх
  • - Эм ханган нийлүүлэх, гааль, татвар зэрэг эмийн үйлдвэрлэл, импортын хөдөлгөөн, тоо ширхэг зэрэгт хяналт тавих үүрэгтэй байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн нэгдсэн системийг хөгжүүлж, нэвтрүүлэх
  • - Эмийн бүртгэлийг бүрэн цахимжуулах
  • - Лабораторийн тоног төхөөрөмжийг ОУ-ын түвшинд хүргэх
  • - Эмийн чанар, аюулгүй байдлын судалгааг эрчимжүүлэхэд шаардлагатай төсөв санхүүг нэмэгдүүлэх
  • - Эмийн үнийн өсөлтийн бодит шалтгааныг тогтоож, хяналт тавих чиглэлээр санал, дүгнэлт боловсрууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн нарын гишүүдээс уг асуудлаар Улсын Их Хурлын даргад Хянан шалгах түр хороо байгуулахаар тогтоолын төсөл өргөн барихаар төлөвлөж байна. Иймд “Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаарх” Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог татан буулгаж, тусгай шалгалтын сэдвийн хүрээ, хязгаарыг нарийвчлан шинээр байгуулагдах Түр хорооны үйл ажиллагаатай нэгтгэн явуулах саналтай байгаагаа УИХ-д танилцууллаа.