2023.06.09

Б.Жаргалмаа: Эрчим хүчний хуримтлуурын төсөл ямар шатандаа явж байгаа вэ?

УИХ-ын чуулганы /2023,06,09/-ний өдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Эрчим хүчний хомсдлоос сэргийлэхийн тулд бид аж ахуйн нэгжүүдээ дэмжих шаардлага үүсэж байгаа. Захын дүүргээс сонгогдсон гишүүний хувьд манай тойрогт тог эрчим хүч, гудамжны гэрэлтүүлэг тэр дундаа дахин ашиглах боломжгүй орон сууц гээд хэд хэдэн асуудал байдаг. Азийн хөгжлийн банкны зээл, тусламжаар Монгол Улсын Засгийн газрын тодорхой хэмжээний санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа эрчим хүчний хуримтлуурын төсөл ямар шатандаа явж байгаа вэ? Энэ төсөл хэрэгжснээр захын хороолол, Улаанбаатар хотын эрчим хүчний уналттай айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах бүрэн боломж нь бүрдэнэ гэж үзэж буй. Өнөөдрийн байдлаар уг ажил ямар шатандаа явж байна вэ?

Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан ААН-үүд тоног, төхөөрөмжөө татаж чадахгүй байх, хил дээр хаагдах, үнэ өртөг нь нэмэгдэх, анх батлагдсан төсвөөрөө хийгдэж чадахгүй байх асуудлаас үүдэн айл, өрхийг тог цахилгаанаар хангаж чадахгүй ажил удааширсан үйл явдал бий. Өнөөдөр Эрчим хүчний яамтай хамтран ажиллаж байгаагийн хувьд СХД-ийн 10267 өрх тогтой залгагдах ажил хийгдэж байгаад Эрчим хүчний сайдад талархлаа илэрхийлье.

Улаанбаатар хотын төвлөрөл, шинэ суурьшлын бүсийн төлөвлөлттэй холбогдуулан хамтын ажиллагаа ямар шатанд явж байгаа вэ? Айл өрхүүд буугаад эхэлчихдэг. Газар олгодог, хашаагаа хатгачихдаг. Гэтэл тоггүй. Ингэснээр чанаргүй тог цахилгааныг айл өрх нэгнээсээ дамжуулж, нөхөн татсан энэ байдлаас тогны утсанд хүүхэд бэртэх, гэмтэх эрсдэл их байдаг. тиймээс дээрх төлөвлөлтийн ажлаа хамтран хийж чадаж байгаа юу?

Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.