Хувийн хэвшилд боломж олгох ёстой
2022.12.13

Хувийн хэвшилд боломж олгох ёстой

Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2022.12.13) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Үндэсний Статистикийн газрын мэдээлснээр Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хзмжээ 120.00 ам.доллар байгаа нь олон улсын дунджаас 3.5 дахин бага. Сүүлийн хоёр жил үргэлжипсэн цар тахлын улмаас бараа материалын хомсдлоос шалтгаалсан үнийн өсөлт үргэлжилсээр байна. Энэ нь нийгмийн дундаж давхрага, аж ахуйн нэгжүүдэд улам их дарамт үзүүлэхээр байна. Иймд хувийн хэвшлийн байгууллагуудад цалингаа өсгөх шаардлага тавих бус боломж бүрдүүлж өгөх нь зүйтэй гэж үзэн энэхүү хуулийн төслийг боловсрууллаа хэмээн хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав.

Тэрбээр хуульд нэмэлт оруулснаар аж ахуйн нэгж байгууллагыг цалин нэмэгдүүлсэн хувиар аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөвчлөх, чөлөөлөх боломж бүрдэнэ гэж үзжээ. Хуулийн төсөл батлагдсанаар хувийн хэвшлийн байгууллагуудын хувьд цалингаа нэмэгдүүлэх сэдэл бий болж, энэ нь эргээд ажилтан, иргэдийн орлогод бодитой дэмжлэг үзүүлнэ гэв.