2023.05.31

Ц.Даваасүрэн: Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хүний үндсэн эрхийг дордуулж болохгүй

УИХ-ын чуулганы /2023,05,31/ ны өдрийн хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Эрхэм гишүүдийнхээ энэ өдрийн амгаланг эрэлхийлье. Бид түүхэн хариуцлагатай шийдвэрийг гаргах гэж байна. УИХ-ын гишүүн сонгогчдынхоо, иргэдийнхээ ашиг сонирхлыг эрхэмлэн Үндсэн хуулиа дээдлэн сахина гэж тангараг өргөдөг. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд маш анхааралтай хандах ёстой. Би хоёр удаа тойрогтоо ажиллалаа. Энэ хугацаанд 11 уулзалтаар нийт 900 гаруй хүнтэй уулзсан. Дийлэнх нь ҮХНӨ-д орж байгаа гишүүдийн тоо, намын жагсаалтыг дэмжсэнгүй. Намын жагсаалтаар олонд нэр хүнд муутай, элдэв хэрэгт холбогдсон, сонгогдох боломжгүй улсууд гарч ирэх шалтгаан болно гэж үзэж байна. Иргэдийн олонх ингэж үзсэн учраас миний бие Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих боломжгүй.

Би олон түмний төлөөлөл, УИХ-ын гишүүн. Тэд нарын мандатын эрхийг хэрэгжүүлж байгаа. Энэ үүргээ биелүүлэх ёстой. Уулзсан иргэдийн 5-6% нь гишүүдийн тоон дээр эргэлзсэн байр суурийг илэрхийлсэн. Иргэд, сонгогчдодоо сонгуулиар очих бүртээ та нарын төлөө ясаа дундартал зүтгэнэ гэж ярьчихаад өнөөдөр тэдний сонгох эрхэд халдаж чадахгүй. Үндсэн хуулийн журмын тухай хуулийн 5.4.2-д “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа нам, бүлгийн ашиг сонирхлыг илэрхийлсэн байж болохгүй” гэж буй. Өөрөөр хэлбэл иргэдийн сонгох эрх буурч байгаа учраас би үүнийг хэлж байна. Одоогийн Үндсэн хуульд иргэдийн сонгох эрх давуу. Гишүүдээ шууд сонгодог.

Мөн журмын тухай хуулийн 5.4.3-д “УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хүний үндсэн эрхийг дордуулж болохгүй” гэсэн. Иргэний үндсэн эрх бол сонгох эрх. Тэр тусмаа УИХ-ын гишүүнээ шууд сонгох эрхтэй. Энэ эрхийг дордуулж болохгүй. Тиймээс хуулийн заалтыг зөрчиж болохгүй гэж үзэж байна. Иргэдийн зүгээс 3 жилд 3 удаа Үндсэн хуульд өөрчлөлт орох гэж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. 2019 онд өөрчлөлт орсон. Саяхан давхар дээлээ Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу хоёр дахио оруулчихсан.

Хожмын нэг өдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гээд яриа гарах вий гэж бодож хэлж байна. Өнөөдрийн бид нараар Монголын төр зогсчихгүй. Дараа дараагийн үеүүд гарч ирнэ. Тэд нар мөн л арай дутуу байсан, одоо гүйцээе гээд ханцуй шумлаад орж магадгүй гэж бодож байгаа учраас би энийг хэлж байгаа юм. Төрийн албанд хөдөлмөрийнхөө бараг бүх насыг элээлээ. Тиймээс би төрийн албаны ялангуяа төрөө дээдлэх ёс журамд хоёр нүүр гаргаж чаддаггүй. Хуульд юу гэж бичигдсэн байна, би тэрийг л дагадаг. Намайг янз бүрээр гүтгэдэг. Яаж ч чаддаггүй нь би хууль дагаж байсных.