2023.04.28

Ж.Батжаргал: Дотоодын дулаан үйлдвэрлэлийн ААН-дэд нүүрсний чанарын асуудал яригдаж байна

УИХ-ын чуулганы /2023.04.28/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягаас Эрчим хүчний сайдад хандаж “Эрчим хүчний хангамжийн найдвартай байдлын талаар” тавьсан асуулгын хариуг сонслоо.

Эл асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Хөгжлийг дэмжих энергийн эх үүсвэрийн найдвартай байдлыг хангах тухай, эрчим хүчнийхээ салбарын хөгжлийг хангах, дотоодоосоо эрчим хүчээ хангах, төлөвлөлт хөгжлийн бодлого, шинэ эх үүсвэрүүдийн бүхий л чиглэлүүд гарсан ажлууд эхнээсээ эхэлж буй. Үүнийг шуурхай явуулах ёстой.

Гэхдээ аль болох богино хугацаанд ашиглалтад орох, эрчим хүчний том системдээ ямарваа нэгэн сөрөг нөлөөгүйгээр блокуудыг нь жижигсгэж хийх замаар явах тусмаа жилээс жилд өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ нөхөн хангаж явах бололцоо бүрдэх ёстой. Нэг том блок тавьчихаад хэдэн жил хүлээхгүйгээр, жил жилд нь ашиглалтад орж чаддаг блокуудаар төлөвлөж хийвэл илүү үр дүнтэй байх гэж бодож байна. Үүнд ямар төлөвлөлт байна вэ?

Эрчим хүчний нөөцийн эх үүсвэрүүд дээр түшиглэсэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай станцуудыг дэмжих хэлбэрээр дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх бололцоо боломж бий. Бөөрөлжүүтийн станцтай адил төстэй станцыг дамжуулах шугамынхаа хүчин чадлыг түшиглүүлээд байгуулвал бололцоо бүрдэх юм байна гэж хараад буй. Энэ тал дээр судалгаа хэр хийж байна вэ?

Эрчим хүчний нүүрс экспортод гарч байгаатай холбогдуулан дотоодын дулаан үйлдвэрлэлийн жижиг аж ахуй нэгжүүдэд нүүрсний чанарын асуудал яригдах гээд байна. Чанартай нүүрсээ гадагш нь экспортлох, удаахыг нь төвийн эрчим хүчний системийн байгууллагууд руу нийлүүлэх, цаашаагаа орон нутгийн дулаан үйлдвэрлэлийн байгууллагууд руу нийлүүлэх ангиллын юм руу явчих гээд байна. Үүнд эрчим хүчний бодлого, зохицуулалтаа хангаж буй байгууллага ямар байдлаар харж байна вэ?

Түүний асуултад Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуллаа.