Н.Учрал: 12 сангийн мэдээллийг ил болгохоор есөн сайдад бичиг хүргүүлсэн
2023.04.03

Н.Учрал: 12 сангийн мэдээллийг ил болгохоор есөн сайдад бичиг хүргүүлсэн

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.04.03/ шилэн ажиллагааны хүрээнд мэдээлэл өгөв.

Тэрбээр "Есөн байгууллагын 3450 тусгай зөвшөөрлийг долоо хоногийн хугацаанд шилэн болголоо. Нийт 36 тусгай хамгаалалттай газрын 3474 га талбайд газрын мэдээллийг ил болгосон. 1071 иргэн 299 га, 887 байгууллага 3175 га газар эзэмшиж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар дээрх тусгай хамгаалалттай газруудыг эзэмшиж буй иргэдийн мэдээлэл ил тод болох юм.

Аймаг, нийслэлийн нээлттэй мэдээллийн үнэлгээ өнгөрсөн долоо хоногт 43 хувьтай байсан бол өнөөдөр 47 хувь болж нэмэгдсэн. Яамдынх 66 хувьтай байсан бол өнөөдрийн байдлаар 71.5 хувь болж өссөн үзүүлэлттэй байна" хэмээлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "ЦХХХЯ-наас улсын хэмжээнд байх 23 тусгай сангаас 12 сангийн мэдээллийг ил тод, болгохоор есөн сайдад албан бичиг хүргүүллээ.

Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгнө" гэв.