2023.03.23

Г.Дамдинням: Дарханы арьс ширний цогцолбор ямар шатандаа явж байгаа вэ

УИХ-ын ээлжит /2023,03,23/-ны өдрийн чуулганаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

Төрийн бүтээмж ямар байгаа талаар ярих ёстой. Жишээ нь Засгийн газраас дээд түвшиндээ хичээж ажиллаж байгаа ч засвар нь алдаа завхрал их байна. УИХ-аас Дарханы замын бүтээн байгуулалтад хяналт тавих ажлын хэсэг байгуулагдаад ажиллаад явж байна. Өнгөрсөн зун цементийн хомсдолд ороод улсын төсвөөр баригдаж буй бүтээн байгуулалтын ажил үүнээс болж саатаж байна гээд асуудал үүссэн. Яг газар дээрээ юу болсон бэ гээд шалгахаар, өнгөрсөн жил Дарханы замын бүтээн байгуулалтад 90 мянган тонн цемент орсон. Дарханы замын нэрээр цемент үйлдвэрлэгчдээс 126 мянган тонн цемент авчихсан байна. Өөрөөр хэлбэл 36 мянган тонн цемент Дарханы замын нэрээр аваад дамнаад зарчихсан юм уу, эсвэл өөр тийшээ орсон уу ийм байдал гарсан. Засгийн газраас яаралтай замын ажлаа дуусга гэсэн чиглэл өгөхөөр гарч ирсэн цементийг нь дамлаад зарчихсан яриа сонсогдоод байна. Ийм зүйл дээр Засаг хяналт тавьж ажиллах шаардлагатай.

Мөн Дарханы арьс ширний цогцолбор ямар шатандаа явж байгаа вэ. Өнгөрсөн сонгуулиар үүнийг хийнэ гэж амлаад гарч ирсэн, иргэд үүнийг шаардаж байна. Төмс, хүнсний ногоогоор иргэдээ хангана гэж зорилт дэвшүүлсэн. Манай Орхон суманд Монгол Улсын Ерөнхийлөгч очиж ажиллаад өвлийн хүлэмж, зоорины асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. Үйл ажиллагааны хөтөлбөр дээр ахиц алга, хэзээ хэрэгжих вэ.

Түүний асуултад хариуцсан салбарын сайд нар хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn