Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ
2023.03.15

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ

Улсын Их Хурлын намрын чуулганы завсарлагаанаар Улсын Их Хурлын үйл ажиллагаа хуулийн хэлэлцүүлэг, Зөвлөлдөх санал асуулга, нээлттэй сонсгол, хурал зөвлөгөөн хэлбэрээр тасралтгүй өрнөлөө.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын чуулганаар иргэд олон түмний нийтлэг хүсэл эрмэлзэл, Зөвлөлдөх санал асуулгын дүн, Зөвлөлдөх зөвлөлөөс гаргасан зөвлөмжид дурдсан асуудлуудыг хэрэгжүүлж, хаврын чуулганаар эрх зүйн шинэчлэлийн 3 чиглэлээр 10 багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Нэгдүгээрт: Улсын Их Хурлаас “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагааг үндсэндээ 4 үе шаттайгаар, амжилттай зохион байгуулж, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлсон.
Хоёрдугаарт: Ард иргэдийн элч төлөөлөгч гишүүд бид тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзан, Зөвлөлдөх санал асуулгад урьж, санаа бодлыг нь сонссон. Ард иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзэл нь нийгмийн хорт хавдар болоод байгаа авлигын үндсийг таслахыг хүсч байна.
Хаврын чуулганаар авлигатай тэмцэх чиглэлээр багц хуулиуд хэлэлцэнэ. Энэ хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай зэрэг хуулиудыг шинэчилж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батална.
Нийгмийн бодлогын хүрээнд 3 багц хуулийг хэлэлцэнэ.
Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, боловсролын багц хуулийг хэлэлцэнэ.
Гуравдугаарт: Сүүлийн 3 жилийн хугацаанд цар тахал, геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдэлтэй хүндхэн сорилтуудыг Монгол Улсын эдийн засаг даван туулж, сэргэж эхэллээ.
Эдийн засагт гарсан өнөөдрийн хүндрэлийг даван туулахаас гадна Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны суурь өрсөлдөх чадварыг сайжруулах эрхзүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд энэ хаврын чуулган анхаарлаа хандуулна.