С.Одонтуяа: Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гээд заачихсан учраас энэ тоог хөндөж байж сонгуулийн тухай хууль өөрчлөгдөнө
2023.02.08

С.Одонтуяа: Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гээд заачихсан учраас энэ тоог хөндөж байж сонгуулийн тухай хууль өөрчлөгдөнө

УИХ-ын дэд дарга Салдангийн Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Намрын чуулган өндөрлөлөө.Таны бодлоор энэ удаагийн чуулган зорилгоо ямар хэмжээнд биелүүлэв?

-УИХ-ын намрын чуулганаар 18 бие даасан хууль, 271 нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан байна. Хаврын чуулганы үр дүнгийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг байр сууриа илэрхийлсэн. Хэдийгээр олон хууль баталсан хэдий ч намрын чуулганд төлөвлөгдсөн Боловсролын тухай багц хууль, Газрын тухай, Хөрөнгө оруулалтыг дэмжих тухай, Худалдаа аж үйлдвэрийн тухай гээд томоохон хуулиудаа баталж чадсангүй. Тухайлбал иргэдийн хамгийн их шүүмжлэлтэй хандаж байгаа салбар бол боловсролын салбар. Л.Энх-Амгалан гишүүн Боловсрол шинжлэх ухааны сайдаар томилогдоод боловсролын салбарын шинэчлэлийн үндэс нь эрх зүйн асуудал гэж үзээд боловсролын багц хуулийг өргөн бариад хоёр жил өнгөрч байна.

Нэмээд Мэргэжлийн боловсролын тухай хуулиа ч өргөн барьсан. Харамсалтай нь бид энэ асуудалд онцгой анхаарал тавьж чадсангүй. Энэ нь нэмэлт өөрчлөлт оруулах хуулиудад хэтэрхий анхаарал төвлөрүүлж, бас төлөвлөгөөнд тусгагдаагүй хуулийн төслүүд яаралтай горимоор орж ирж цаг хугацаа алдсантай холбоотой. Үүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг эрх баригчдын өнөө маргаашаа бодсон, улс төрийн хожоо харсан бодлогын үр дүн гэж дүгнэж байгаа. Цаашдаа төлөвлөгөөнд тусгагдсан томоохон хуулиудаа батлахын төлөө ажиллах хэрэгтэй байна.

-Таны хувьд санаачилж оролцсон хуулиудаас онцолбол?

-Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн багт орж ажилласан. Ер нь төсөвт ингэж жил бүр өөрчлөлт оруулах нь Төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудаа зөрчиж улс орны хөгжлийн бодлогод сөрөг нөлөөтэй шийдвэр гаргах боломж олгож байгаа юм. Тийм учраас төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон холбогдох мэргэжилтнүүд үүнийг байнга шүүмжилдэг. Төсвийн тухай хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд Эдийн засаг, хөгжлийн яамнаас төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл хөтөлбөрт олон нийтийн саналыг тусгах, хөндлөнгийн нэгдсэн бодлогын тогтолцоо бүрдүүлэх гээд нэлээд хэдэн чухал өөрчлөлт оруулсан. Мөн Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй хамтран тэтгэвэр тогтоох жилийг долоо биш таван жилээр тооцох хуулийн төслийг өргөн барьж хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн. Гэхдээ энэ төслийг хэлэлцүүлэхгүй маш их цаг хугацаа алдсан. Тэр хэмжээгээр иргэд хохирч байна гэхэд болно.

Хамтын тэтгэвэр буюу тэтгэвэр өвлөгддөг байх хуулийг хаврын чуулганд хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Намрын чуулганаар батлагдсан хуулиудаас онцолбол Зөвшөөрлийн тухай хуульд төрөөс олгож буй зөвшөөрлийн тоог тав дахин бууруулж, зөвшөөрөл сунгах, олгох процессыг цахимаар хийх, зөвшөөрөл олгох хугацааг 14-21 хоног болгосон. Энэ нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгахад чухал ач холбогдолтой юм. Нөгөө талаар Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсан нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан бүтээн байгуулалтын ажлуудыг төрд ачаалал үүрүүлэлгүй хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, гэрээний хугацаанд гардаг олон эрсдэлийг хэн хэрхэн хариуцахыг тодорхой болгосон.

-Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд Улаанбаатар хотын хамгийн том асуудал болох утаа, түгжрэлийн эсрэг ямар ажил хийх ёстой гэж бодож байна?

-Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гаргаад гурван жилийн нүүр үзлээ. Сайжруулсан гэх түлшний үйлдвэрт хөрөнгө оруулалт хийгээд бас л дөрөв дэх жилдээ орж байна. Утаагүй зуух гээд их хэмжээний хөрөнгө зарцуулсан ч утаа хэвээр үлдсэн. Утаагүй түлш хэрэглэлээ гээд утаа байдгаараа байсаар байгаа нь утаатай тэмцэж буй бидний стратеги буруу, хэрэгжилт нь дутуу байгааг харуулж байна. Утаанд зарцуулсан сүүлийн зургаан жилийн хөрөнгө нэг их наяд давсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд байна.

Гэтэл нэг яндангаас гарч буй утаа хэрхэн багасав, тэр айл өрхийн хэрэглээний зардал хэрхэн өөрчлөгдөв, нийт яндангийн тоо хэдээр буурав, эсвэл буурсангүй юу гэх газар дээрх асуултууд эзэнгүй хэвээр байна. Утааны эсрэг гэх олон хурал чуулганд утаа хэрхэн буурсан, утааны хорт агууламж ямар түвшинд буурсан тухай сонсдог ч ард иргэд эрх мэдэлтнүүдийн иймэрхүү мэдээлэлд итгэхээ больж. Иргэд утаанаас болж хэн хүнгүй гадагш гарахаар амьсгалахад хэцүү болсон, хүүхдүүдийн ханиад хүндэрч хатгаа болж эмнэлгээр дүүрч байгаа, утааны хор жирэмсэн эх төдийгүй иргэдэд элэгний өвчин үүсгэдэг тухай мэдээг өдөр бүр сонсож байгаа болохоор яаж итгэх билээ.

Утааны хорыг 10, 20 хувь бууруулах биш богино хугацаанд хэрхэн утаагүй болох шийдэл л чухал байна. Юуны түрүүнд захиргааны, зохицуулалтын, хуулийн олон талын арга хэмжээг хослуулах хэрэгтэй. Яндангийн тоо нэмэхгүй байх, гэр хорооллын суурьшлын бүсийг хатуу тогтоож мөрдөх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа орон сууцны бүтээн байгуулалтыг төрийн бодлогоор дэмжиж эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх гээд олон ажлыг нэрлэж болно.

-Харин түгжрэлийн тухайд та юу хэлэх вэ. Өмнө нь байгаагүй их хөрөнгийг төсөвлөж байна шүү дээ?

-Түгжрэл бол зам дээрх утаа л гэсэн үг. Нийслэлчүүд жилд гурван их наяд төгрөгтэй тэнцэх алдагдлыг замын түгжрэлээс хүртэж байна. Нэг иргэн хоногт 2.5 цаг, жилд 35 хоногийг зам дээр алдаж байна. Дундаж нас 70 гэвэл зургаан жилийг нь машин дотроо зам дээр өнгөрүүлж байна гэдэг нь харамсалтай статистик. Хариуцсан сайд томилж, 2022 онд л гэхэд 420 тэрбум төгрөгийг түгжрэлд зарцуулсан байх. 2023 онд үүнийг 20 гаруй хувиар нэмсэн. Түгжрэлийн асуудал дан ганц зохион байгуулалтын аргаар шийдэгдэхгүй. Ийм учраас зогсоолын төлбөрөөс авахуулаад метро хүртэлх бүхий л сонголтын хослолыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

-УИХ-аас байгуулагдсан Хяналтын түр хороо Төрийн ордонд Хөгжлийн банкны зээлийн асуудлаар нээлттэй сонсгол хийж байна. Хүмүүс энэ талаар янз бүрийн л бодолтой байх шиг байна. Таны хувьд...?

-Гишүүдийн саналаар Хяналтын түр хороо байгуулагдсан нь төрөөс гаргасан хууль, тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг эрчимжүүлэх чухал алхам болсон. Мөн олон нийтэд нууц далд байсан олон асуудлыг ил тод болгох гээд олон сайн талууд байсан. Гэхдээ саяхан Төрийн ордонд Хөгжлийн банкны зээлийн асуудлаар зохион байгуулсан сонсгол ажил албан тушаалаа ашиглан арын хаалгаар зээл өгсөн албан тушаалтнуудын буруу үйлдлийг гаргахаасаа илүү хувийн хэвшил рүү хэт их дайрсан нь нийгэмд дахиад баялаг бүтээгчдийг ад үзсэн уур амьсгалыг бий болгох шиг боллоо.

Би энэ сонсголыг тухайн зээлдэгч нэг бүрээр эхний ээлжинд хийж бүтээсэн зүйлийнх нь талаар тодорхой танилцуулга хийлгэж ард түмэнд хүргээд, дараа нь танилцуулгатай холбоотойгоор иргэний зээл авсан төслийн зорилго нь УИХ-аас хөгжлийн бодлогын асуудлаар баталсан бодлого, хөтөлбөрт хэр нийцсэн байна, гарах үр дүн нь улс нийгэмдээ ямар ач тустай юм, Хөгжлийн банк зээл олгохдоо дээрх бодлого шийдвэрийг хэр зэрэг харгалзан үзсэн байна, зээлийн барьцаа хөрөнгө нь бодитой юм уу, үгүй юу, зээлийн төлөлтөд УИХ, Засгийн газраас гаргасан хууль тогтоомж, олон улсын байдал, “ковид-19” цар тахал, вальютын ханшийн өөрчлөлт хэрхэн нөлөөлөв, зээлийн зарцуулалт зориулалтын дагуу болж уу, үгүй юу гэх мэтээр төрийн нэрийн өмнөөс хууль тогтоомж, иргэнийхээ эрхийг дээдэлсэн, асуулт асууж, хариулт авах байх гэж бодсон.

Харамсалтай нь энэ удаагийн төрийн түшээдийн удирдаж явуулсан сонсгол зээлдэгч иргэнийхээ юу хийж бүтээснийг нь огт сонсолгүй шууд л асуулт тулгаж, хэт хөтөлсөн байдлаар хандах шиг болсон. Зээлдэгчдийн ихэнх нь юм хийе бүтээе гэсэн хүсэл тэмүүлэлтэй хүмүүс. Монголд жирийн үед бизнес эрхлэх ямар хэцүү билээ, гэтэл цар тахлын үед бүр ч амаргүй байсан нь ойлгомжтой. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд, жаахан ашигтай салбараараа ашиггүй салбараа нөхөөд хаалгаа хаахгүй аргалаад явж ирсэн. Түр хорооны гишүүд бизнес эрхлэгчидээ үгүйсгэж, тэдэнд хэт хатуурхаж телевизээр үзэж байгаа хүмүүст тэднийг үзэн ядуулах хэрэггүй байсан. Ийм л учраас хүний эрхийг дээдлэж, асуудалд хандах үүднээс бие даасан хууль хяналтын байгууллага гэж байдаг.

-Тэгэхээр Хянан шалгах түр хорооны ажил хүний эрхийг зөрчсөн, бүдүүлэг хандлагатай яваад байна гэж ойлгох уу?

-Бид иргэддээ төр засаг боломж олгож байна, та нар өөрсдөө хийж бүтээ гэж уриалаад, зээл олгох ажлыг байнга дэмждэг атал УИХ-ын түр хороо түүнийхээ эсрэг ажиллаж болохгүй л дээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “гэрч” болчихсон тайлбар хийж байна лээ. Үнэн зөвийг тогтооход хэрэгтэй л байх. Гэхдээ түр хорооны гишүүдэд өмнөх АН-ын Засгийн газрын гишүүд рүү дайрсан, улс төржсөн хандлага байсныг ч хэлэх хэрэгтэй. Мэдээж зээлдэгчдийн дотор хууль, дүрэм журам зөрчсөн, хувийн эрх ашгийн үүднээс зээл авч үрэн таран хийсэн албан тушаалтан, зээлдэгч байхыг үгүйсгэхгүй. Тэр бүхнийг олж тогтооход сонсгол чиглэгдэж, бодитой дүгнэлт хийсэн бол хууль хяналтынханд хэрэгтэй байсан байх. Үнэхээр тухайн төслийн бүтээн байгуулалт улс оронд эдийн засгийн үр өгөөжтэй ч янз бүрийн бэрхшээлээс болоод гацчихсан бол төрийн түшээдийн хувьд ялгаж салгаж, магадгүй төр засаг, банкны зүгээс хамтран ажиллаж, тухайн бүтээн байгуулалтыг дуусгаж, зээлийг нь төлүүлэх талаар санал ч гаргаж болно шүү дээ.

-Улс орны нийгэм эдийн засгийн байдал амаргүй байна. Долларын ханш, юмны үнийн өсөлт гээд...?

-Корона, дайн гэсэн хоёр шалтгааныг дурдсаар гурван жил өнгөрлөө. Өнөөдөр корона жирийн ханиадны түвшинд, дайн богино хугацаанд дуусахгүй шинжтэй болсон нь бид эдгээр эрсдэлийг дуусна гэсэн төлөвлөлтөөр биш эдгээр эрсдэлийн үед эдийн засгаа хэрхэн өсгөх вэ гэсэн бодлого хэрэгжүүлэх ёстой. Түүнчлэн гадаад өрийн дарамтын өндөр жилүүд эхэлсэн тул улс орны эрсдэлийн үнэлгээ, бодлогын тогтвортой байдал их чухал. Учир нь бондыг дахин санхүүжүүлэх шаардлагатай. Урд хилийн төдийгүй бусад боомтуудын үйл ажиллагаа сэргэж буй нь экспортын орлого нэмэгдэх сайн дохио өгч байна.

Урд нь хилээр аль болох их бүтээгдэхүүн гаргавал доллар орж ирж төгрөгийн ханш тогтвортой байна гэж төсөөлдөг байсан ч нүүрсний хэргийн сонсголын үр дүнд бүтээгдэхүүн гаргахаас илүү түүний төлбөр ямар нэг авлига, өөр тийш өөр юм болон хувирахгүй орж ирж буй эсэх нь чухал гэдгийг бүгд мэдлээ. Үүний адил зэс, төмрийн хүдэр гээд экспортын бүтээгдэхүүнээс татвараа гүйцэд авах, аливаа авлигаас ангид байлгах нь чухал байна.

Тийм ч учраас Уул уурхайн биржийн тухай хуулийг баталсан. Түүнчлэн үүнээс дутахгүй ач холбогдолтой нэг зүйл бол гадаадын хөрөнгө оруулалт. Энэ нь зөвхөн доллар оруулж ирэх биш түүнийг даган орж ирэх техник технологи, мэдлэг, хүний нөөцийн хөгжил юм. Ингэснээр дотоодод өртөг бүтээдэг үйлдвэрлэл сэргэнэ. Ер нь урт хугацаанд бүтээлч үйлдвэрлэл л төгрөгийн ханшны баталгаа болно. Хэдэн биеэ тойрч юм зарж наймаалцаад тэнцүүгийн тэмдэгийн ард нөгөө тоо л үлдэнэ. Өөрөөр хэлбэл, доороо хий эргэнэ. Бидний өнөөдрийн нэг хүнд ногдох 4000 ам.доллар үүний нотолгоо.

-Иргэдийн жагсаал олон өдөр үргэлжилж улс орны бодлогыг боловсруулж, хөгжүүлэх хууль тогтоогчдод шаардлага тавьсан. Үүний дагуу хийсэн ажлуудыг та хувьдаа ямар байдлаар үнэлж байна вэ?

-Ардчилсан улсын нэг баталгаа бол иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсаал цуглаан хийх эрх. Иргэд энэ эрхээ л эдэлж эрх баригчдад шаардлага тавьсан. Үнэндээ долоон жил дангаар эрх барьж УИХ-д 65, 62 гишүүнтэй засгийн газраа дангаар бүрдүүлэн ажиллаж буй хүчинд ард түмэн аргаа бараад шаардлага тавьсан. Бид хэт цөөнх учраас УИХ-ын танхимд дуу хоолой хүчтэй сонсогддоггүй байж болох ч эрх баригчдад ажил хэрэгч шаардлага, асуулга, сануулга өгсөөр ирсэн. Гэхдээ төрийн эрх барих байгууллагыг иргэд сонгодог ч тэр эрх нь иргэдэд хэвээр үлддэгийг санах хэрэгтэй.

Төртэй, төрийн өмчит аж ахуйн нэгжтэй холбоотой, эрх мэдэлтэй холбоо хамаарал бүхий этгээдүүдтэй хамтран төрийн санд гараа дүрдэг, жирийн иргэдийн боломжийг булаадаг, бизнест шударга бусаар давуу тал олж авдаг бодит жишээ олон. Гагцхүү түүнийг хууль шүүхийн шатанд хаацайлж, хэргийг дарах, хэрэгсэхгүй болгох зэрэг шударга бус байдал л иргэдийн уур бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн гэдэг үнэн. Эрх баригчид цочиж эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь сайшаалтай ч цаасан дээр биш амьдрал дээрх хэрэгжилт чухал. Би ч мөн иргэдтэйгээ нэг талд байгаа.

-Сонгуулийн тухай, улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтүүд яагаад хийгдэхгүй байна, Н.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн гаргасан Үндсэн хуулийн төслийг үзсэн үү?

-Одоогоор Сонгуулийн болоод Улс төрийн намын тухай хууль өргөн баригдаагүй, яригдсан ч юмгүй л байна. Сонгуулийн тухай хуулийг Засгийн газар, Улс төрийн намын тухай хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барих ёстой. Уг нь энэ чуулганаар ярих л ёстой хуулиуд байсан. Яагаад гэвэл энэ оны долдугаар сарын 1-ний дотор л дээрх хоёр хуульд өөрчлөлт оруулж болох эрх УИХ-д бий. Миний хувьд энэ өөрчлөлт хийгдэх тухай яригдахад бэлтгэлтэй байх үүднээс Ерөнхийлөгчийн Тамгын газраас боловсруулсан гэх “Улс төрийн намын тухай” хуулийн төсөл дээр үндэслэн хуучин хуультай нь харьцуулалт хийж дүгнэлт гаргах зорилгоор хуучин УИХ-ын гишүүд, зөвлөхүүд, эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулаад хэд хэдэн удаа хуралдаж, санал дүгнэлтээ гаргаад УИХ дахь АН-ын бүлэгт нэг удаа танилцуулсан. Би хувьдаа энэ саналаа Ерөнхийлөгчид бүлгээс хүргүүлээд өргөн барихад нь тусгуулчихсан байх нь зөв гэж үзээд байгаа. Тийм учраас удахгүй бүлэг дээр арай өргөн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж санал авахаар төлөвлөж байна. Үнэндээ Сонгуулийн болоод Улс төрийн намын тухай хуульд хэд хэдэн томоохон өөрчлөлт орох шаардлага гарч байгаа ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орох эсэхээс хамаарсан асуудлууд их байна.

-Тодорхой хэлбэл ямар өөрчлөлтөөс хамаарч байна вэ?

-Тухайлбал, сүүлийн үед парламентын чадавхийг дээшлүүлэхийн тулд гишүүдийн тоог нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог холимог, пропорционал тогтолцоо руу шилжүүлэх гээд улс төрийн намуудын дунд хэлэлцүүлэг хийж санал нэгдээд МАН ч хүлээн зөвшөөрч байх шиг байна. Тэгэхлээр энэ хоёрт өөрчлөлт оруулах асуудал Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хамаарна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулалгүй Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаад хийж болох эрхийг ҮХЦ нээлттэй болгосон гэсэн үзэл бодол иргэдийн дунд яваад байгаа ч үнэндээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр гишүүдийн тоог өөрчилж болохгүй.

Учир нь Үндсэн хуульд УИХ 76 гишүүнтэй байна гээд заачихсан учраас энэ тоог өөрчилж байж Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөнө. Гурав дахь удаагийн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуайн Үндсэн хуулийн төслийг үзсэн. Энэ хуульд өнгөрсөн 31 жилийн дотор нийгэмд өрнөсөн бүхий л явц, эдийн засгийн харилцаа, төрийн байгуулалтын хүрээнд бий болсон зовлон бэрхшээл бүхнийг эрх зүйн хувьд шийдвэрлэх гэсэн оролдлого хийсэн нь сайшаалтай боловч боловсруулалтын хувьд сайн биш, эрх мэдлийн хуваарилалт, сонгох, сонгогдох зарчим, газрын харилцаа гэх мэт олон асуудал багагүй зөрчилтэй, ардчилсан зарчим, олсон ололтоосоо ухарсан санагдсан.

Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөхийн тулд ард нийтийн дунд санал асуулга явуулахаас өгсүүлээд хэлэлцүүлгийн үе шат удаан болохоор батлагдах ямар ч боломж байхгүй гэж бодож байгаа. Нөгөө талаар энэ хуулийг УИХ-д өргөн бариад хэлэлцэх гэж байгаа юм шиг яриад байна. Үнэндээ энэ хуулийн төслийг хэвлэж тарааснаас цаашгүй. Албан ёсоор өргөн баригдсан юм ч байхгүй байгаа. Нөгөө талаар энэ хууль дээр иргэдийг баахан маргалдуулж, дуулиан шуугиан болгож байгаад шинэ үндсэн хууль гээч юмыг баталчих вий гэсэн болгоомж иргэдэд байна. Мэдээж, төр, төрийн интитуциудэд огт итгэхгүй иргэд болсон нь их хардлага төрүүлж байгаа болов уу.