
Хорьж мөрдөх барилыг халхавчийн байгууллагаар сэргээх вий
Л.Оюун-Эрдэнийн засгийн газар огцрох сургаар танхимынх нь Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл яаман дээрээ судлагдаж, боловсруулж байсан бараг бүх хуулийн төслөө УИХ-д яаран өргөн барьсан.
Үндсэндээ хоёр оролтоор УИХ ын даргад хуулийн төслүүдээ “бөөндсөн” нь шалтгаантай. Урьдач нөхцөл гэвэл Засгийн газарт жил орчим ажиллахдаа О.Алтангэрэл нэг ч хууль батлуулж чадсангүй. Удаан сайд байлаа. Ганц ч хууль батлуулж чадаагүй хуулийн сайд гэж хожим дурсагдах нь хамтарсан Засгийн газарт ажилласан өмгөөлөгч сайдын хувьд чамлалттай л байна.
Хоёрт, Хүний эрхийн багц хууль, Жагсаал цуглааны журмын тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан боловч хэлэлцэх эсэхээ шийдүүлснээс хэтэрсэнгүй. Иймээс нэг талаас бүтээлгүй сайд гэж хэлэгдэх, нөгөө талаас дараагийн сайд нь төслүүдийг нь дарчих вий гэдгээс болгоомжилж Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай, Арилжааны хууль, Дампуурлын тухай, Гэр бүлийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай багц хуулийн төслүүдийг өргөн барилаа. Шинэ сайд татаад авчихгүй л бол, О.Алтангэрэл сайдын түргэдэж өргөн барьсан хуулийн төслүүдийг ажлын хэсэг, чуулган, Байнгын хорооны хурлаар сайжруулаад явах боломжтой.
Энэ нийтлэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ганц заалтын тухай онцолно. О.Алтангэрэл бол ажил амьдралын гараагаа шийдвэр гүйцэтгэх байгууллагын сургалтын офицероос эхлүүлсэн учраас эрх зүйн шинэчлэлд нь яаж анхаарч вэ гэдгийг харсан хэрэг л дээ.
Хуулийн төсөлд ШШГЕГ-ын даргын бүрэн эрх дотор 12.1.10-т “халхавчийн байгууллага байгуулах, татан буулгах, нууц гүйцэтгэх ажилтан ажиллуулах, халах шийдвэр гаргах, үйл ажиллагаанд нь хяналт тавих” гэж бичсэнд учир байгаа юм.
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сангаас шүүрдвэл Монгол Улсад халхавчийн байгууллага байгуулах эрх ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын дарга хоёрт л байна. Тоо, байршил, төсөв, орлого, ажилтнуудынх нь мэдээлэл, овог нэр гээд бүгд Төрийн нууц л даа. Тийм учраас олон нийт “халхавчийн байгууллага” гэж юу болох талаар тэр бүр мэдэхгүй.
Гадаадын зарим улс манай оронд боловсрол, соёл, шашин, судалгааны байгууллага байгуулж, ажилтнуудаа оруулж ирээд мэдээлэлд ойр монголчуудыг эд юмсаар татан элсүүлж, мэдээлэл олж авч өөрийн улс руугаа тайлан бичдэг. Гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэх буруутгалаар ял шийтгүүлсэн олон иргэн бий, Монголд. ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрынхан Монголд гадаадын халхавчийн байгууллага, халхавч ажилтнууд байгаа эсэхийг хянаж байдаг байлгүй. Монголын цагдаа, тагнуулын байгууллага дотоод дахь гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ийм байгууллага байгуулж байгаа. Тэдгээр нь хоолны газар, ТББ, сургалтын төв гээд ямар ч хэлбэртэй, үүргээ гүйцэтгээд татан буугддаг түр болон байнгын аль ч хэлбэрээр байж ч болно.
Гэтэл ийм байгууллага ШШГЕГ-т ямар хэрэгтэй билээ дээ. Зөвтгөлийг нь олоход бэрх юм. УИХ, Засгийн газрынхан төсөв батлахдаа албан тушаалтнуудыг шалгадаг АТГ-ын даргад ийм эрх өгдөггүй, ер нь энэ байгууллагыг орон нутагт салбартай болгож, тэнд албан хаагчтай байх орон тоо баталж өгдөггүй шүү дээ.
Гүйцэтгэх ажилтныг цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цэргийн тагнуулын байгууллага өөр өөрийн зорилгоор ажиллуулдаг. Гүйцэтгэх ажилтан хоёр янз байна. Орон тооныхыг гүйцэтгэх ажилтан, орон тооны бус бол нууц гүйцэтгэх ажилтан гэж нэрлэж байна. Нууц гүйцэтгэх ажилтныг “өөр байгууллагад халхавчийн дор ажиллаж байгаа тусгай албаны ажилтныг” гэж Тагнуулын байгууллагын тухай хуульд тодорхойлжээ. Харин “халхавчлах” гэж тагнуулын ажлын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөр байгууллага, хүн, өөр үйл ажиллагаа, баримт бичиг болон бусад зүйл ашиглан далдлахыг хэлнэ гэж тус хуульд бичсэн байна.
Гүйцэтгэх ажлын арга барилыг “мөрдөн шалгах нууц ажил” гэж нэрлээд прокурорын зөвшөөрөлтэйгөөр явуулдаг болж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бичсэн хэдий ч Гүйцэтгэх ажлын тухай хуульд бичигдсэн “халхавчийн байгууллага”, “нууц гүйцэтгэх ажилтан”-ы тагнуулын маягийн үйл ажиллагаа хэнд ч хянагддаггүй, даргын баталсан заавраар явдаг. ШШГЕГ шоронгоос оргосон ялтныг эрж хайх, хорих ангид бослого, үймээн гарахаас сэргийлэх, зарим ноцтой хэргийг илрүүлэх чиглэлээр хорих анги дотроо прокурорын зөвшөөрлөөр ажиллагаа явуулна.
О.Алтангэрэл хуульд захирагддаггүй нууц гүйцэтгэх ажилтнууд ажиллуулах, халхавчийн байгууллага байгуулах эрхийг ШШГЕГ-ын даргад олгох гэж байгаа нь хачирхалтай. Уг нь манай улс хүний эрхийг дээдэлсэн нийгэм рүү аажмаар шилжилт хийх явцдаа бүх хэрэгт гүйцэтгэх ажил явуулдаг бүдүүлэг арга барилаас татгалзаж, мөрдөн шалгах ажлыг аль болох илээр явуулж иргэнээ мөрдөн мөшгөхөөс зайлсхийж, төр нь иргэнээ олж авсан мэдээллээрээ сүрдүүлэх явдлаас сэргийлэхийн тулд нотлогдоогүй хэргийн баримт сэлт, нотлох баримтыг устгах, хамгаалах чиглэл рүү явж байсан санагдах юм.