Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлэхээр тусгажээ
2025.07.01

Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлэхээр тусгажээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.07.01/ хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал танилцууллаа.

Тэрбээр, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын ойн баярыг, Цагаан сарыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд, Шинэ жил, Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, Хүүхдийн баяр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баяр, Их Эзэн Чингис хааны өдөр, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр тус тус тогтоосон байна.

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийтээр амрах баярын өдөр нь долоо хоногийн амралтын өдөртэй давхацсан тохилдолд хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэх нь тодорхойгүй байх тул уг асуудлыг ойлгомжтой болгож, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд шаардлагатай зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэж үзжээ.

Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, Б.Пүрэвдорж нар үг хэлж, төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир, Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.