О.Батнайрамдал: "ОНРТЭ"-ийн эзэмшилд байгаа "Шивээ овоо", "Жавхлант" ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аар шийдвэрлүүлэхээр боллоо
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал санаачлан, “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг өнөөдөр /2025.06.27/ УИХ-ын нийт 88 гишүүдийн хамт УИХ-ын даргад өргөн барилаа.
Оюу толгой стратегийн ач холбогдол бүхий бүлэг ордын хил заагт Канад Улсын хөрөнгө оруулалттай Онтрэ ХХК-ийн эзэмшилд буй “Шивээ Толгой” болон “Жавхлант” ашиглалтын тусгай зөвшөөрлүүд хамаарч байна. Уг хоёр тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах газрын хэвлийн баялгийг ашиглахад Монгол Улсын эрх ашгийг хангахтай холбоотой гэрээг өнөөдрийг хүртэл байгуулаагүй ирснийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал олон нийтийн анхааралд оруулж байв.
Тэгвэл өнөөдөр холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн "Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэж өгөөжийг нэмэгдүүлэх"-тэй холбогдуулж төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аар шийдвэрлүүлэх санаачилгыг дэвшүүлж, 88 гишүүний дэмжлэгийг авснаар Хянан шалгах түрүүний тогтоол гаргаж УИХ-ын даргад ийнхүү өргөн барилаа.
Тогтоолд "Хөрөнгө оруулагч талтай 2011 онд байгуулсан “Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээ”-нд хувь нийлүүлэгчийн зээлийн хүүгийн нөхцөл 3 сарын SOFR дээр нэмэх 6.5 хувь (SOFR+6.5%) мөн бусад зээлийн зардал нэмэгдэн, өнөөдрийн байдлаар ойролцоогоор жилийн 11.1 хувь байна.
Уг санхүүжилтийн зардал нь
- Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төр болон хувийн хэвшлийн зээлдэгчдийн олон улсын ам.долларын санхүүжилттэй харьцуулахад мэдэгдэхүйц өндөр
- Оюу толгой ХХК-ийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж
- Монгол Улсын ногдол ашиг авах хугацааг хойшлоход бодитоор нөлөөлж буй тул
энэхүү зээлийн хүүгийн зохистой түвшинг тус гэрээний 11.3(ё)-д зааснаар долоон жил тутамд авч хэлэлцэх боломжтой бөгөөд энэхүү хугацаа нь 2025 оны эцэст дуусгавар болохоос өмнө яаралтай хэлэлцэн бууруулах"-ыг онцолжээ.