2022.10.13

Н.Наранбаатар: Бие даасан хуулийг төсөвтэй хамт оруулж ирж байгаа нь зөв үү

УИХ-ын чуулганы /2022.10.13/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, УИХ-ын хууль, Хяналт шалгалтын тухай, Засгийн газрын тухай хууль үндсэн энэ бүх хуулиудад хөгжлийн бодлого төлөвлөлтөд хяналт, шалгалт үнэлгээ хийх эрх нь Засгийн газарт байна гээд заачихсан. Тэгээд засгийн газар нь Улсын их хуралд танилцуулна гэж хуульчилсан. Нэгдүгээрт энэ болж байгаа юу?

Засгийн газрын хяналт, шинжилгээ, үнэлгээ хийдэг бодлогын баримт бичиг болох хөгжлийн урт, дунд богино хугацааны төлөвлөгөө, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, хөгжлийн төлөвлөгөө, аймаг нийслэлийн энэ олон төлөвлөгөөг энэ агентлаг хяналт, шинжилгээ хийгээд УИХ-д танилцуулж болох юм уу? Энэ олон хуулиудаа яах юм. Хуулиа зөрчих юм уу. Эсвэл том хуулиудаа дагуулж, дагалдах хууль болгон оруулж ирэх байсан юм уу.

Ер нь төсөв дагуулаад анхдагч бие даасан хууль орж ирэх нь хуульд нийцэж байгаа юм уу? Хууль зөрчиж байгаа юм уу. Яагаад төсөвт дагуулж ийм зүйл оруулж ирж байгаа юм бэ?

Шинэ хөрөнгө оруулалтыг орон нутагт бас хязгаарласан. Орон нутаг улсын хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалт байхгүй. Орон нутгийг дахиад давхар хаачихдаг нь ямар учиртай вэ? Орон нутгийн бие даасан байдлыг хангах, хөгжүүлэх, өөрөө өөрийгөө цааш нь авч явах, корпарацийн хэлбэрт оруулах гээд олон зүйлийг ярьж хууль, тогтоомждоо тусгаад явж байгаа. Гэтэл эсэргээрээ оруулж ирж байгаа хууль чинь орон нутгийн хөрөнгө оруулалт, өөрийнх нь бие дааж хөгжих боломжийг хаасан, боомилсон зүйл орж ирж байгаа нь хэр нийцтэй юм бэ? Хөдөө орон нутгаа хөгжүүлж, төвлөрлийн сааруулна гэсэн мөртлөө нөгөө талаараа хөдөө орон нутгийн хөгжлийг боомилоод, нэн тулсан асуудлаа өөрөө шийддэг байдлыг яагаад хааж байгаа вэ?

 Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.