2022.05.26

Б.Баттөмөр: Монгол улсын нийт өрийн менежментийг хэрхэн хийхээр төлөвлөж байна вэ?

УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Би өмнөх хэлэлцүүлэг дээр ярьсан. Монгол улсын ирээдүйн төлвийг өөдрөгөөр харж байгаа. Эдийн засагт өсөлт 5 хувь, инфляц 8 хувь. Энэ хоёр тооноос харахад 2023 онд Монгол улсын эдийн засаг, ард түмний амьдралд тодорхой өөрчлөлт гарахгүй. Ингэж гутранги төлөвлөж болох уу. Бидэнд маш их боломж бий. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол улсын ирээдүйг гутранги байдлаар харж, орж ирсэн боломжуудыг буруу ашигласан. Нийт өр 33,2 тэрбум. Өрийн хэмжээ жил болгон өсөж байна. 2020 онд 32,3 байсан бол 2021 онд 33,2 болсон байна. Монгол улс өрийнхөө менежментийг хэрхэн яаж бодож байгаа юм. 2010 онд баталсан Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гээд Үндсэн хуулийн дараа орох маш том баримт бичиг хөгжлийн төлөвлөгөө бий. Түүний биелэлт 0 байгаа.

Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 400 орчим доллар болчихсон байхад аман дээрээсээ бид 60 хэдээр худалддаг. Монголын ард түмэн энэ өгөөжийг хүртэхгүй байна. Далд эдийн засгаа ил болгох чиглэлд яах юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээний далд эдийн засаг Монголд байна гэж хэлсэн. 2023 онд далд эдийн засгийг ил болгох чиглэл алга. 1,8 их наяд төгрөгөөр орлого нэмэгдэх юм байна. Монгол төгрөг цаас болчихоод байна. Ард түмний амьдралд хүртэх юм алга болчихлоо.

2021 онд ажлын байрны хэмжээ 71 мянгаар нэмэгдсэн. Гэтэл 2023 оны хөгжлийн төлөвлөгөөнд 40 мянган ажлын байр бий болгоно гэсэн байна. Яагаад ингэж бууруулж тооцоолсон бэ? Хүмүүсээ ажил хийлгэдэг болгохын тулд ямар бодлого баримтлах юм. Монгол улсын хөгжлийн зардал олж байгаатайгаа харьцуулбал маш их болсон. Төрийн бүтээмжийг дээшлүүлэхийн тулд юу хийх юм бэ? Шаардагдах юманд хариулт алга.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.