2022.08.30

С.Чинзориг: Нийслэлийн хөгжил хариуцсан сайд Нийслэлийн засаг даргатай хэрхэн ажил үүргээ уялдуулж ажиллах вэ

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы  (2022.08.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай  танилцуулгыг сонслоо.

Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Ерөнхий сайдтайгаа нийлээд 22 сайд болох юм байна. У.Хүрэлсүхийн үед 15 сайд Ерөнхий сайдтайгаа нийлээд 16 сайд ажиллаж болоод байсан. Хэмнэлт гээд олон зүйл ярьчихаад засгийн газрын бүтцээ данхайлгах нь энэ хүнд цаг үед хэр оновчтой юм бэ? Үүнтэй холбоотой хэчнээн орон тоо, төсөв санхүү нэмэгдэх юм.

Хоёрдугаарт энэ жил төсөвт хоёр удаа тодотгол хийсэн. Гурван сайдын төсвийг яаж зохицуулах гэж байгаа вэ? Хичнээн тэрбум төгрөгөөр яамгүй 3 сайдын төсөв нэмэгдэх вэ.

Нийслэлийн хөгжлийн асуудал хариуцсан сайд нь Нийслэлийн засаг даргатайгаа ажил алба нь зөрөлдөхгүй явах боломжтой гэж харж байна уу? Засаг дарга төсвийн тухай, засаг захиргаа, нутаг дэвсгэр, нэгжийн тухай хуулиараа эрх мэдэлтэй, төсвөө захиран зарцуулна, хөгжлийнхөө бодлого, төлөвлөлтийг тодорхойлно, хэрэгжүүлнэ гэдэг. Сайдтайгаа зөрчилдөөд ажил явахгүй байх вий гэсэн болгоомжлол байна.

Хэрвээ цаашдаа засгийн газрын бүтэц нэмэгдвэл аж үйлдвэрийн яамтай болчихмоор байгаа юм. Монгол улсаа аж үйлдвэржүүлэх, хөгжүүлэх, ажлын байр нэмэх чиглэл рүү анхаарах хэрэгтэй. Үүнийг Ерөнхий сайд юу гэж бодож байна вэ?

Түүний асуултад Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.