Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
2022.07.05

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хийв.

Тэрбээр танилцуулгадаа, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүлснийг дурдаад Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.1.1 дэх заалтын дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгасан.

Мөн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдэд орсон өөрчлөлтийг холбогдох төслүүдэд нэмэхийн зэрэгцээ төслийн зүйл, хэсэг, заалт хасагдаж, өөрчлөгдсөнтэй холбогдуулан эшлэл, дугааруудыг нийцүүлэн өөрчилсөн. Төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр хууль зүйн техникийн болон найруулгын шинжтэй зарим засваруудыг хийснийг дурдаж байлаа.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасныг үндэслэн зарчмын зөрүүтэй хоёр санал бэлтгэсэн. Засгийн газрын бүрэн эрхэд төрийн өмчит паркийн газрын асуудлыг шийдвэрлэх гэсэн заалт байсан. Энэ нь Газрын тухай хуультай зөрчилдөх учраас хасах санал оруулсныг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр дэмжигдээгүй тул үүнийг гуравны хоёроор хасахаар дахин санал оруулж байна. Засгийн газраас газар эзэмшүүлж, ашиглуулах асуудлыг шийдвэрлэдэггүй бөгөөд тусгай хэрэгцээнд авах, гаргах асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөлд тусгасан. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх нарийвчилсан харилцааг Үйлдвэрлэл, технологийн паркийн хуулийн төсөлд хэвээр үлдээж, харин түдгэлзүүлэх үндэслэлдээ уг хэвээр үлдээсэн заалтаа эшилж оруулах саналыг гуравны хоёроор гаргаж байгаа талаар Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасныг үндэслэн Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал, хураалт явуулсан. Ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй хоёр саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь тус тус дэмжлээ.

Үргэлжлүүлэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах саналын томьёолол чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэн боловсруулсан дөрвөн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн зүгээс асуулт асууж, санал гаргасангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг гаргахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжлээ.

Ингээд дээрх хуулийн төслүүдийн эцсийн болон анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулга, санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир чуулганы нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулахаар болов