Д.Өнөрболор: Нэг алхам урагшлаад хоёр алхам хойшилж болохгүй
2022.06.20

Д.Өнөрболор: Нэг алхам урагшлаад хоёр алхам хойшилж болохгүй

Дэлхийн банкны энэ оны 1-р сард гарсан дүгнэлтээр манай улсын эдийн засгийн өсөлтийг 4.2% гэж төсөөлж байсан бол саяхан 5-р сарын байдлаар 2.9% болгож бууруулж, 2023, 2024 онд өсөлт 3 хувьтай байна гэж төсөөлж байна.

 
Эдийн засгийн өсөлт ийм доогуур түвшинд байхад Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилтууд болон “Шинэ сэргэлтийн бодлого”- ын хүрээнд дэвшүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн эргэлзээтэй болж байна. Ерөөс Ковид-19 цар тахлын улмаас эдийн засагт учирсан хор хохирол, Орос-Украины дайнаас үүдэлтэй эрчим хүч, хүнсний хомсдол, үүнийг дагасан үнийн өсөлт дэлхийн эдийн засагт ч маш том ангал үүсгээд байна.
 
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ОЕСD)-ийн 38 орон өргөн хэрэгцээний бараа, үйлчилгээ багтаасан үнийн өсөлтийг 8.5% гэж тооцож, инфляци 4.2%-тай, бодлогын хүүгээ 0.5% өсгөж байгаагаа зарлалаа. Ажилгүйдлийг 4%, үнийн өсөлтийг 2% буулгаж чадвал амжилт гэж үзнэ гэдгээ илэрхийллээ.
 
Холбооны нөөцийн системийн захирлуудын зөвлөл (FRВ) төсөөлж байснаас хавьгүй илүү инфляци бодитой харагдаж байгаа тул бодлогын хүүгээ 0.75% нэмжт байна гэж зарлалаа. Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC)-ийн энэ шийдвэр 27 жилийн дараа болж байгаа үйл явдал. Хар тэнгисээр дамжин өнгөрдөг буудайн урсгал зогсч одоогийн байдлаар 75 сая тонн улаан буудай Украинд түгжигдэж, хэрэгцээнийхээ томоохон хувийг авдаг Африкт өлсгөлөн, ядуурал улам газар аваад байна. ОECD “эдийн засгийн эрсдэл төдийгүй ядуурал, өлсгөлөн газар авч хүмүүнлэгийн эмгэнэл бодитой бий болох нь тун ойрхон боллоо” гэж анхааруулжээ.
 
Эдийн засгийн уналт доройтол ужгирч байна. Ийм цаг үед манай улс эдийн засгаа хэвийншүүлэх, өмнөө тавьсан хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд төсөвт ачаалал болохгүй, өрийн таазанд нэмэлт дарамт болгохгүй шийдвэрлэх арга зам бол төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг цэгцтэй, найдвартай, олон улсын жишигт нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал юм.
 
Саяхан Засгийн газар, Сангийн яамнаас УИХ-д “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”-ийн төслийг өргөн барив. 9 бүлэг 60 зүйлтэй. Нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт ТХХТ-ийн төсөл хэрэгжүүлэх юм байна. Олон нийтэд үйлчилгээ үзүүлэхээс бусад ашиг олох зорилготой зарим салбаруудыг хязгаарлаж байгаа юм. Гэсэн атлаа хөгжлийн тэргүүлэх ач холбогдолтой төсөл байх, хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан байхыг шаардаж байгаа юм. Төсөл нь урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээ гэсэн 2 шаттай, шат бүр дээр Сангийн яамнаас зөвшөөрөл авч байна. Гэх мэтчлэн бүхий л эрх мэдэл оролцоог төрийн төв байгууллага дээр төвлөрүүлсэн, орон нутгийн байгууллагууд бие даан төсөл хэрэгжүүлэх боломжийг бүхэлд нь хаасан, цаашлаад ТХХТ-ийн асуудал хариуцсан байгууллага нь төрийн өмчит хуулийн этгээд байхаар зохицуулж өгчээ.
 
 
Хуулийн төсөл бүхэлдээ зөвхөн төрөөс санхүүжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг ТХХТ-ийн зарим хэлбэрээр хэрэгжүүлэн зохион байгуулах, төслөөр бий болсон бүх эд хөрөнгийг төрийн өмчид бүртгэх, улмаар уг харилцаанд төрийн оролцоо хяналтыг чангатгах, төвлөрүүлэх байр суурьд илүү ач холбогдол өгч боловсруулсан нь үзэл баримтлалтайгаа нийцээгүй, улс орны эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлж төсвийн ачааллыг буруулах, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн дутууг нөхөж, төр хүлээх эрсдэлийг багасгах эрх зүйн шинэ орчин механизм болох талаас ихээхэн дутагдалтай болсон байна гэж миний бие дүгнэж байгаа юм. Үндсэндээ 1 алхам урагшлаад 2 алхам ухарсан төсөл гэж хэлж болно.
 
(Уг төсөлд зөвхөн “зөвшөөрөл” гэсэн үг 53 удаа, “хянах, хяналт тавих” гэсэн үг 46 удаа орсон байгаа нь хувийн хэвшил хөрөнгө томоохон төсөлд оруулахаас болгоомжлоход хүргэхээр болжээ.) ТХХТ-ийн хуулийн төслийг өнөөдөр мөрдөж байгаа бусад хууль эрх зүйн орчинд уг хуулийн үзэл санаатай уялдуулсан зохицуулалт хийх талуудын үүрэг хариуцлага тодорхой байх, далд байдлаар аль нэг төрийн байгууллага давуу эрхээ хадгалж үлдэх гэж эрмэлзэх биш харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг улс орны хөгжилд аль болох түлхүү оруулах, нэмэгдүүлэх итгэл үнэмшил төрүүлэхэд чиглэх ёстой болов уу. Төр төвтэй хууль байх уу, хувийн хэвшил бизнес дээр төвлөрсөн хууль байх уу.
 
Шинэ хууль эрхийн орчин бий болгох уу, концессын хуулиа үл ялиг шинэчлээд батлах уу. Бид уламжлалт, гал унтраах маягийн богино хугацаанд аргацаасан системтэй явах уу, эсвэл бүхэлд нь реформ хийх үү, ийм сонголттой тулаад байна. Стратегийн түвшинд, бодлогын түвшинд хэрэгжилтийн түвшинд асуудлаа зааг ялгаатай авч үзэж сурмаар байгаа юм. Төсөлд оролцогч бүх талуудын хүлээх үүрэг, хариуцлага, эрсдэл хуваарилах зарчим, оролцооны хүрээ, сонгон шалгаруулалт, үнэлгээ, дүгнэлтийг олон улсын стандартад заасан хэмжээнд нийцүүлэх, шийдвэр гаргах эрх мэдлийн хязгаар, хүрээг нарийн хуульчилан тогтоон өгч, давхардалгүй, төрийн албан хаагчдын оролцоо багатайгаар юуны өмнө зохицуулах шаардлагатай байна.
 
Уг нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хууль батлагдсанаар манай улсад бодитоор нүүрлээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах, коронавирусийн улмаас үүссэн сөрөг нөлөөллийг арилгах, Засгийн газраас дэвшүүлсэн шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх гол хөдөлгөгч хүч, эрчимжүүлэх үндсэн механизм, дэмжлэг болох эрх зүйн орчин сайжрах учиртай. Үүнийг төр ч бизнес эрхлэгчид ч хүлээж байгаа болов уу.
 
Миний хувьд өнгөрсөн нэг жилийн хугацаанд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ТХХТ-ийн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан юм. Манай ажлын хэсэг ихээхэн судалгаа хийж, олон улсын болон манай орны нөхцөл байдал, бизнес эрхлэгчдийн санал бодол, байр суурь, туршлагатай танилцаж, санал солилцож “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай” хуулийн төслийг боловсруулсан юм.
 
Одоогоор сүүлийн 30 жилийн хугацаанд манай улсын эдийн засгийн амьдралд онцгой үүрэг гүйцэтгэсэн олон улсын банк санхүүгийн байгууллагууд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, НҮБ болон зарим төрөлжсөн байгууллагууд, худалдааны танхимуудын тэргүүн, холбогдох албаны хүмүүс, Япон, АНУ, Казахстан, БНСУ, БНСВУ, БНХАУ, ОХУ, ХБНГУ, Энэтхэг улс гээд арав шахам улсын ЭСЯ, Элчин сайд нартай, Монгол Улсад бизнес, худалдааны үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниудын төлөөлөл гээд 40 гаруй байгууллага хамт олны 200 гаруй төлөөлөлтэй биечлэн болон онлайнаар уулзаж санал бодлыг нь сонслоо.
 
БНСУ-д өөрийн зардлаар очиж туршлага судаллаа. Мөн салбарын яам, агентлаг, газрууд зэрэг төрийн 20 шахам байгууллага, МХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, салбар бүрийн мэргэжлийн холбоод гээд нийтдээ 50 шахам байгууллагаас санал бодлыг бичгээр авч танилцсан болно. Японы хөрөнгө оруулапттай компаниудын төлөөллүүдтэй уулзаж ярилцахад төр хувийн хэвшил хоёрын түншлэл асар их зөрүү ойлголт дунд, хүнд суртап дунд, ажлын арга барилын маш өөр орчинд өрнөж байдаг тухай ярьж байлаа.
 
Гадаадын хөрөнгө оруулагчид татвар өндөр, сайн инженер техникийн ажилтан урих хүндрэлтэй, маш жижиг зах зээлтэй атал машины худалдааны зах зээлийг шинэ хуучнаар нь ангилж үздэг, монгол компаниудтай хамтарч ажиллахад итгэлцлийн маш том асуудал байдаг. Итгэлцлийн мэдээллийн санг гуравдагч этгээдэд тодорхой хэмжээнд нээлттэй ил тод болгохыг хүсч байгаагаа ярьж байлаа. Мөн гэрээгээ зөрчих нь хэвийн үзэгдэл, үнэ тариф байнга өөрчлөгдөж байдаг, төлбөрийн нөхцөлөө өөрчил, тусгай зөвшөөрлийг чинь цуцлана гэх мэт дарамт байнга ирдэг, тэр нь хөрөнгө оруулагчдад хүндээр тусдаг тухай ярьж байлаа.
 
Мөн хөдөө орон нутагт дэд бүтэц муутай, орон нутгийн төрийн байгууллагын хүнд суртал, ажлын арга барилын хоцрогдол зарим улс орны хөрөнгө оруулагчдад хүндрэлтэй байдаг тухай ярьж байсан юм. Ёс зүй, дур зорго, авилгын асуудал ужгирахаас сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг уулзсан хөрөнгө оруулагчид онцгойлон тэмдэглэж байсан юм.
 
Энэ бүхэн олон улсын жишигт нийцсэн, төрийн бодлого, дэмжлэг дор улс орны хөгжилд зайлшгүй шаардлагатай томоохон төслүүдийг хувийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бололцоо нөхцөл бүрдүүлэхэд чиглэсэн шудрага, ил тод, авлигаас ангид, найдвартай түншлэлийн харилцааг бий болгосон хуулийн орчныг бий болгох хэрэгтэй байгааг хэлж байна.
 
 
Эцэст нь төр хувийн хэвшлийн түншлэлийн сайн жишээг өгүүлье. БНСУ-ын нийслэлийг Инчон нисэх онгоцны буудалтай холбосон 40 км урт зам, гүүр байдаг. Энэ гүүр байгууламж бүхэлдээ ТХХТ-ийн зарчмаар баригдсан сонгодог жишээ юм. Энэ гүүрийг барихад БНСУ Засгийн газар ямар ч баталгаа гаргаагүй, эрсдэл хүлээгээгүй. Харин төрийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээгээ шуурхай үзүүлж олон улсад “энэ бол БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэй төсөл шүү” гэж зарлаж өгсөн байна.
 
 
БНСУ-ын Засгийн газрын зүгээс энэ гүүрийг барихад шаардлагатай бүх лиценз зөвшөөрлийг төсөл санаачилсан компанид өгсөн, уг компанитай төсөл хэрэгжүүлэх гэрээг ТХХТ- ийн зарчмаар хийсэн, гүүрээр гарах тээврийн хэрэгслийн төлбөрийг тогтвортой байлгахаар тохиролцсон, мөн ийм гүүрийг ойрын 40 жилд барих зөвшөөрлийг өөр төсөлд өгөхгүй гэж үүрэг хүлээсэн, төслийг хэрэгжүүлэхэд бүх шатны төрийн байгууллага дэмжлэг үзүүл гэдэг шийдвэр гаргасан, ард иргэддээ дэмжлэг үзүүлэхийг хүссэн уриалга гаргасан, төслийн хэрэгжилтийг Засгийн газрын зүгээс Зам, тээврийн яам хариуц гэдэг шийд гаргасан ийм л зүйл.
 
Ийм учраас төсөл хэрэгжүүлэгч шаардлагатай хөрөнгө оруулалтаа төрийн батлан даалтгүйгээр босгож төслөө хэрэгжүүлсэн. Төслийн баг гүүр барих хөрөнгийнхөө 50 хувийг АХБ- аас маш хөнгөлөлттэй зээлээр (төсөл нь өөрөө баталгаа болж өгсөн), 25-30 хувийг олон улсын хөрөнгийн биржээс, үлдэх 20- 25 хувийг өөрсдөө босгосон юм. Төслийн хэрэгжилтийн санхүүгийн хяналтыг АХБ- ны баг маш хатуу хянаж, тайлагнуулдаг байсан нь үргүй зардал, шамшигдуулалтыг хааж байсан байна. Мөн төсөл хэрэгжүүлэгчид өөрсдөө хөрөнгөө босгосон учраас авлига, хахууль өгөх сонирхол, шаардлага байсангүй.
 
Ингэж ажиллах боломжийг БНСУ-ын ТХХТ-ийн хуулиар эрх зүйн орчныг бүрдүүлж өгчээ. Манай улсад эрх зүйн ийм нээлтэй орчныг бий болгох шаардлагатай байна. Үүнийг бий болгоход улс орныхоо хөгжлийг бодитой харж, үнэнд ойр, иргэд олон түмний хүсэл сонирхлыг харгалзаж үзсэн, дэлхийн жишигтэй ойр хараагаар харж хариуцлагатай ажиллахыг цаг үе шаардаж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуультай болох нь сайн хэрэг юм, нэг алхам урагшилна харин хоёр алхам ухарч болохгүй.
 
 
 
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор