Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийг томилов
2022.06.03

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийг томилов

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг (2022.06.02) танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийг баримтлан тодорхой үе шаттайгаар сонгон шалгаруулалтыг явуулсан бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт "Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан иргэдээс сул орон тоо гарсан гишүүний тоогоор нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна." гэж заасныг үндэслэн Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд Сангишаравын Дондовыг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт “Ажлын хэсэг сонгон шалгаруулалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан иргэнийг нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол зохион байгуулна.” гэж заасныг үндэслэн Ядамжавын Цэлмэнг Хүний эрхийн Үндэсний комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшүүлж, Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан гэж байлаа.


Нэр дэвшигчдээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улсын хувьд эрүүдэн шүүх асуудалд онцгой анхаарах цаг болсныг онцолсон. Мөн нэр дэвшигч Я.Цэлмэнд хандан цагдаагийн байгууллагад олон жил ажилласан мөрдөн байцаагч хүн энэхүү албан тушаалд томилогдохоор болж байгаа тул цол үйлчлэхгүйг санаж, ард түмний өмнөөс томилогдон ажиллаж байгаагаа ойлгож, хууль хүчний байгууллагад хяналт тавих ажилд зоримог, шударга ажиллахыг захиж байлаа.

Ингээд Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Дондовыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор гишүүдийн 59.5 хувь нь дэмжсэн бол Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээр Я. Цэлмэнг томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор гишүүдийн 53,5 хувь нь дэмжиж нэр дэвшигчдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав.