Банкнууд IPO гаргах бизнес төлөвлөгөө, бичиг баримтаа ирүүлсэн
2022.05.18

Банкнууд IPO гаргах бизнес төлөвлөгөө, бичиг баримтаа ирүүлсэн

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

УИХ-аар 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөрт багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан.

Харин дээрх хуулийн төсөлд энэ хугацааг нэг жилээр хойшлуулахаар тусгасан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хугацааг сунгасан үндэслэлийн талаар тодруулж байлаа. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн тайлбарласнаар, Системийн нөлөө бүхий таван банкийг нээлттэй хувьцаат компани болгохоор хуулийн зохицуулалт үйлчилж эхэлсэн бөгөөд системийн банкнууд нээлттэй хувьцаат компани болгох бизнес төлөвлөгөө, бичиг баримтуудаа Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэн зөвшөөрлөө аваад явж байгаа аж.

Хамгийн сүүлийн санхүүгийн тайлан дөрөвдүгээр сард бэлэн болж дэлхийн нэр хүнд бүхий компаниудаар аудит хийгдээд дууссан гэлээ. Тайлан нь дөрөвдүгээр сард бэлэн болж IPO хийх дараагийн зөвшөөрлийг авахаар хоёр банк хүсэлтээ өгчихсөн, үлдсэн гурван банк нь зөвшөөрөл авах хүсэлт өгөх байх гэж Монголбанкны ерөнхийлөгч хэлсэн. Ингээд хуулийн дагуу үйл ажиллагаанууд хийгдэхээр 2022 оны 06 дугаар сарын 30-ны хугацаанд амжихгүй болоод байгаа учир хугацааг нь сунгах шаардлагатай байгаа юм гэсэн хариулт өгсөн.

Түүнчлэн УИХ-ын гишүүд төв банкнаас арилжааны банкнуудад тавих хяналт, валютын ханшийн өсөлт, зээлийн хэмжээ, чанарын талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төслийн 2 дугаар зүйлийг хасах гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn