2025.06.27

Б.Энхбаяр: Бүтэн жил, 2 чуулганы хугацаанд УИХ "Чоно агнах тухай" ганцхан бие даасан хууль баталсан нь үр дүн гаргадаггүй олон ажлын хэсэг байгуулснаас үүдсэн

Монгол Улс Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах түүхэн шийдвэр гаргаснаар 2024 онд Парламентын гишүүдийн тоо 126 болж, 78 гишүүнийг мажоритар, 48 гишүүнийг пропорционал системээр сонгох болсноороо онцлогтой. Өөрөөр хэлбэл бид мажоритар, пропорционал хэмээх хоёр варианттай сонгууль зохион байгуулж түүхэндээ анх удаа 126 гишүүний бүрэлдэхүүнтэй Шинэ Парламент "мэндэлсэн".

УИХ-ын үйл ажиллагаа Байнгын хороодоор дамжиж хэрэгждэг

Гишүүд 13 байнгын хороонд хуваарилагдаж, мэргэжлийн олон талын байр суурь, хэлэлцүүлгүүд, хуулийн төслүүд, хяналт шалгалтууд явагдсанаар гишүүдийн мэргэших, идэвхтэй оролцоог хангах нөхцөл бүрддэг.

Монгол Улсын салбар салбарын хууль тогтоомжууд УИХ дахь байнгын хороодоор дамжиж батлагддаг улс эх орны бодлого боловсруулагддаг гол субьект юм.

Шинээр бүрэлдсэн 126 гишүүнтэй Парламентын ажлын цаг явж эхлэхтэй зэрэгцэн УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсгүүд байгуулагдаж, байнгын хороодын ажлыг "хуваалцаж" эхэлснийг Б.Энхбаяр энэ "Бүтэхгүй шүү" хэмээн анхааруулж байв. Өнөөдөр хэтэрхий олон бүтцээс үүдэж УИХ-ын ажил цалгардаж байгаа тул байнгын хороодыг цөөлөх асуудал яригдаж эхлээд байна.

УИХ-аас байгуулсан 64 ажлын хэсэг монголын төрийг гацаасан гэв

Үүсэх нөхцөл байдлыг урьдчилан сануулж байсан УИХ-ын гишүүн Б.Энхбаярын байр суурь "Байнгын хороодын тоог цөөлөх асуудлыг нухацтай авч үзэх ёстой. Яг үнэндээ 60-аад ажлын хэсэг маш муу ажиллаад зогсохгүй гүйцэтгэх засаглалын өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулсан шүү. Өнгөрсөн 2 сарын хугацааны талд УИХ хуралдаагүй нь хэлэлцэх асуудал байхгүйгээс үүдсэн. Өөрөөр хэлбэл Засгийн газраас, Ажлын хэсгүүдээс өргөн барьсан хууль байгаагүй. Бүтэн жил, 2 чуулганы хугацаанд УИХ О.Амгаланбаатар гишүүний "Чоно алах тухай" бие даасан ганцхан хууль баталсан. Энэ нь маш хангалтгүй үр дүн. УИХ-ыг дотооддоо үйл ажиллагаа явуулах амьд механизмийг явуулахад садаа болсон.

Хоёрт, Засгийн газрын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Учир нь 64 ажлын хэсгийн ахлагч нар амбицтай, идэвхтэй, хүсэл эрмэлзэлтэй улс төрчид ороод ирсэн. Тэд бүрэлдэхүүнээ хэрхэн хаанаас бүрдүүлэх үү гэхээр яамд, агентлагуудаас. Экспертүүдийг мэргэжилтнүүдийг дуудаж хуралддаг. Энэ нь Засгийн газрын яамдын, агентлагуудын бодлого боловсруулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Улмаар хөл толгой нь олдохоо больсон.

Бүтэн жил, 2 чуулганы хугацаанд УИХ О.Амгаланбаатар гишүүний "Чоно агнах тухай" бие даасан ганцхан хууль баталсан. Энэ нь УИХ-ын бүтээмжтэй байх, үр дүн гаргаж ажилладаг байхад буруу шийдлүүд нөлөөлж буй явдал" гэв.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн