ХЗБХ: ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
2025.06.26

ХЗБХ: ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.25/ хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн нарын өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөөр төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг яллагч, прокурор, оролцогчид бүрэн танилцуулж, төрийн нууцад хамаарагдах хэсгийг харагдах боломжгүй болгож нууцалж гардуулж өгөхөөр оруулсан байна. Мөн шүүгдэгчийн сонгож авсан өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй, шүүгдэгч өмгөөлөгчөөс татгалзсан тохиолдолд шүүх хуралдаанд журмын дагуу өөр өмгөөлөгч оролцуулах зохицуулалт нь Өмгөөллийн тухай хуульд заасан өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхлын хүрээнд тууштай хамгаалах зарчмыг хөндөж байгаа тул хуулийн төслөөс уг заалтыг хасжээ. Эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж тайлбар мэдүүлэг өгсөн хэрэгт тухайн хүнийг нотлох талын эх сурвалж болгохгүй байх талыг судлаж олон улсын гэрээнд нийцүүлэх зэрэг талаар тусгасан байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцуулахаар болов.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2025 оны 6-р сарын 19-ны өдөр явуулж, УИХ-н чуулганаас гарсан 6 зарчмын зөрүүтэй санал, 3 найруулгын саналыг гүйцээн боловсруулжээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн О.Номинчимэг танилцуулна.

Мөн хуралдаанаар Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон Хүний эрхийн Үндэсний Комиссын 2026 оны төсвийн төслийн талаар хэлэлцэх асуудлыг хуралдаанд оролцсон ихэнх гишүүдийн саналаар Засгийн газраас барьж буй төрийн албан хаагчдын орон тоог цомхотгох, төсвийн алдагдал 3.3 их наядаар тасарсан байгаа зэрэг цаг үетэй холбогдуулан дахин боловсруулах чиглэл өгч асуудлыг 7 хоногоор хойшлуулав.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан