2022.05.11

Ан, амьтдад ээлтэй нийгмийг бүтээхээр зэхэж явна

Төмөр замын өргөстэй торонд орооцолдон үхэж байгаа ан амьтдын талаарх зураг, бичлэг сүүлийн үед нийгмийн сүлжээнд түгээд байсан нь ард иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Энэхүү асуудлыг шийдэж, ан амьтдад ээлтэй байдлаар дэд бүтэц, төлөвлөлтийг хийх шаардлагатайг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ илэрхийлж байсан.

Тэгвэл тус асуудлын хүрээнд салбарын сайд WCS-Байгаль зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, WWF-Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Ирвэс хамгаалах сан, TNC олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзаж нөхцөл байдалтай танилцсан юм. Уулзалтыг бодит ажил хэрэг болгох үүднээс төмөр замын болон авто замын дагуу зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах ажлын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг хамтран байгуулж ажиллахаар болсон.

Дээрх асуудал нь зэрлэг амьтны амьдрах орчны хэвийн байдал, нүүдлийн зам, шилжилт хөдөлгөөний асуудлыг үл харгалзан "Байгаль орчныг хамгаалах тухай хууль", "Амьтны тухай хууль", "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль"-иудыг ноцтой зөрчиж байгаа юм.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс Зам тээврийн хөгжлийн төвд хандан “Холбогдох хуулийн заалтууд, стандартыг мөрдөх, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр өгсөн зөвлөмж, төслийн үйд ажиллагааны байгаль орчны жил жилийн менежментийн төлөвлөгөөнд дэд бүтцийн хөгжлийн үйл ажиллагаанаас зэрлэг ан амьтанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх талаар тодорхой тусгаж, хэрэгжүүлж ажиллахыг авто зам, төмөр замын төсөл хэрэгжүүлэгчдэд албан ёсоор мэдэгдэж ажиллахыг үүрэг болгосон байдаг. Тэр ч үүднээс ан амьтдын эрсдэлт нөхцөл байдал зөвхөн БОАЖЯ-нд хамааралтай биш гэдгийг мэргэжилтнүүд нь ойлгож, хамтарч ажиллах хэрэгтэй байна.

Тэгвэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Таван толгой” төмөр зам компанийн төлөөлөлтэй уулзаж, төмөр замын трассын дагуу ажлын хэсэг гарган хамтран ажиллахаар болсныг дуулгахад таатай байна. Уулзалтаар төмөр замын хамгаалалт, өргөст торноос зэрлэг ан, амьтанд учруулж буй хохирол, сөрөг нөлөөллийн тухай ярилцаж, санал солилцсон. “Таван толгой” төмөр зам ХХК-ийн зүгээс байгаль орчин, зэрлэг амьтныг хамгаалах асуудлаар хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн нь сайшаалтай.

Цаашид БОАЖ-ын сайд, Зам тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдах өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт байгаль, зэрлэг ан амьтанд ээлтэй байдлаар төмөр замын хамгааллын торны стандартыг сайжруулах, холбогдох хууль дүрмүүдэд өөрчлөлт оруулах чиглэл өгч ажиллах юм.

Уулзалтын үеэр БОАЖЯ-ны зүгээс Зэрлэг амьтны нүүдлийг хязгаарлаж болохгүй. Ан, амьтанд ээлгүй, нүүдэл, шилжилт хөдөлгөөний замуудад төмөр замын торыг буулгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгааг илэрхийлэв. Мөн зорчигч тээвэр бус, зөвхөн ачаа тээврийн зориулалттай төмөр замын бүсэд хамгаалалтын хашаа байх шаардлагагүй гэж үзсэн юм.

“Таван толгой” төмөр зам ХХК-иас төмөр замын трассын дагуу гарц, гарам байгуулан ажиллаж байгаа талаар илэрхийлсэн ч, төмөр замын хаалт, торны талаар дорвитой хариулт өгсөнгүй. Гэвч цаашид байгаль орчин, зэрлэг амьтныг хамгаалах асуудлаар хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Энэ мэтчилэн зэрлэг ан, амьтдын шилжилт хөдөлгөөн нүүдэлд ээлтэй хандах зөв бодлого, зохицуулалт ар араасаа гарч, хэрэгжинэ гэсэн хүлээлт ард иргэдэд үүсээд буй. Харин Б.Бат-Эрдэнэ сайд холбогдох албаныхантай уулзаж, зөв шийдэл гаргаж, бодит үр дүн өгөх ажилдаа шамдаж явна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn