БЗД-ийн МАН-ын хороон даргаар Э.Бат-Амгалан улираан сонголоо
2022.02.09

БЗД-ийн МАН-ын хороон даргаар Э.Бат-Амгалан улираан сонголоо

Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын хорооны VIII Бага хурал болж байна.

Энэ үеэр МАН-ын Бага хурлын гишүүн, МАН-ын байгуулалтын газрын дарга, НИТХ-ын Төлөөлөгч Б.Пүрэвдагва оролцож хэлсэн үгэндээ “Манай намыг олон жилийн түүхтэй хөгшин нам, зайгаа тавьж өгөх цаг нь болсон гэж сөрөг хүчнийхэн хэлдэг. Гэвч манай нам залуу нам. Бид өнгө төрхөө цаг үетэйгээ уялдуулан шинэчилж, цахим бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны Бага хурлын зохион байгуулалт үүнийг баталж байна. Цаашид ч гэсэн бусад намын хороодоо манлайлан шинэчлэгдэн хөгжинө гэдэгт итгэж байна” гэсэн юм. 

Бага хурлын үеэр БЗД-ийн МАН-ын хороон даргад нэр дэвшүүлэх тухай Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн тогтоолыг Нийслэлийн МАН-ын хороон дэд дарга Ч.Батзул уншиж танилцууллаа. Уг тогтоолд БЗД-ийн МАН-ын хорооны даргаар УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга Э.Бат-Амгаланг улираан сонгохоор санал оруулж, нууц санал хураалтаар төлөөлөгчдийн 98.89 хувийн саналаар баталлаа. Тэрбээр 2016 оноос БЗД-ийн МАН-ын хороон даргаар сонгогдон ажиллаж байгаа юм. 

БЗД-ийн МАН-ын хорооны даргаар улиран сонгогдсон УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга Э.Бат-Амгалан хэлсэн үгэндээ “Би намын ажлыг энгийн л ажил гэж боддог. Хүмүүстэй харилцах, тэднийг сонсох, хамтран ажиллах, хүндлэх, дэмжих ийм л ажил. Намын дүрэм журам, гаргасан шийдвэрүүдийг намын нөхөддөө танилцуулж, энэ бодлого шийдвэрийн хүрээнд эх орноо хөгжүүлэх гэсэн энгийн зорилготой. Тиймээс цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа товчхон танилцуулж, та бүхний санаа бодлыг сонсоё гэж бодож байна. 

Бид ХӨГЖИЛ ДЭВШИЛ - ХАМТЫН ХҮЧ уриаа дор иргэндээ ээлтэй, шударга, хүний эрхийг дээдэлсэн намын хороо болохыг зорьж ажиллаж байгаа.  Дүүргийн иргэдийн ажил амьдрал бүхий л талбарт “ХӨГЖИЛ ДЭВШИЛ, ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛ хийгдэх боломжийг нэмэгдүүлнэ. Мөн Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн удирдлагууд хамтран 2022 оныг “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ - БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ”-ын жил болгон зарлан ажиллаж байна. Үүний хүрээнд, дүүргээ Улаанбаатар хотын аялал жуулчлалын төв болохыг зорин ажиллаж байна. Зөвшөөрөлгүй авто граж, барилга байгууламжуудыг буулгаж иргэндээ ээлтэй орчныг бүрдүүлэх, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжит талбайнуудыг дүүргийн хэмжээнд бүхэлд нь хамгаалалтад авч, бүртгэлжүүлэх ажлууд эхлээд байгаа. 

Дүүргийн намын хорооны 2020 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт тусгагдсан олон бүтээн байгуулалтууд ийнхүү эхнээсээ биеллээ олж хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, дүүргийн хэмжээнд байгаа цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нэмэгдүүлж, хороо бүрд явган болон авто зам, гэрэлтүүлгийн цогц ажил зэрэг олон бүтээн байгуулалтыг хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна. 

Миний бие Улаанбаатар хотын  хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны даргын хувьд, Нийслэл хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч, Нийслэл, Дүүргийн хэмжээнд томоохон хөрөнгө оруулалтын ажлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн ажиллаж байна. Үүний үр шимийг төрж өссөн, Баянзүрх дүүргийн минь 400 гаруй мянган иргэн хүртэж, хөгжил дэвшлийг хамтдаа харуулж чадна гэдэгт бат итгэлтэй байна” гэсэн юм. 

Намын дүрэмд заасны дагуу Намын хорооны гишүүдийн тоог нийт гишүүдийн 3 хүртэлх хувь байхаар тогтооно гэсний дагуу нийт 99 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар, Хяналтын хорооны гишүүдийн тоог 7-9 байхаар заасны дагуу 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар БЗД-ийн МАН-ын хорооны дарга санал оруулан нууц санал хураалтаар баталлаа.