Говийн бүсийн ус ашиглалтыг онцгой анхаарах ёстой
2022.01.31

Говийн бүсийн ус ашиглалтыг онцгой анхаарах ёстой

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газар болон Оюу толгой ХХК-д өгсөн чиглэлд миний бие санал гаргаж “УС АШИГЛАЛТ”-ын талаар дараах заалтуудыг нэмж орууллаа:

Үүнд:

  • Говийн бүсийн гүний усыг төслийн үйл ажиллагаанд урт хугацаанд ашиглахад байгаль орчин болон усны сав газрын гидрологи ба гидравлик системд нөлөөлөх байдлийн үнэлгээг шинэчлэх, мөн түүнчлэн усны экологи-эдийн засгийн үнэлгээг шинээр хийлгэх;
  • Тухайн үнэлгээнүүдийг олон улсын санхүүжүүлэгч байгууллагын Байгаль орчин, нийгмийн гүйцэтгэлийн стандартын дагуу хийлгэн, тухайн усны сав газрын экосистемд тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр тодорхой хугацаанд ашиглаж болох усны нөөцийн хэмжээг тодорхойлох;
  • Усыг ашиглах боломжит нөөцийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй байдлаар ашиглах чиглэлээр олон улсын дэвшилтэт техник, технологи, туршлагыг хүдэр боловсруулах процессдоо нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлж эргэлтийн, хур тунадас (гадаргын), уурхайн нэвчилт шүүрлийн усыг үйлдвэрлэлд нэн тэргүүнд ашиглах;
  • Орхон, Хэрлэн говь төслүүдийн судалгаан дээр төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах;
  • Унд ахуйн усны төлбөрийг (энэ төлбөрөөс одоогийн байдлаар чөлөөлөгдсөн) тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагын тогтоосон үнэ тарифын дагуу төлөх;
  • Ус бохирдуулсны төлбөр төлөх. Уг төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдан гарч Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л иргэн, аж ахуйн нэгж, байгууллага мөрдөж эхлээд байна. Гэтэл Оюу толгой ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш батлагдсан хууль гэдэг тайлбараар уг төлбөрийг төлөхгүй хэвээр байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn