О.Батнайрамдал. Монголын тал Оюу толгойн бүлэг ордын 30 хувийн нөөцөөс ямар ашиг орлого авахаа тодорхой болгох ёстой
2025.04.23

О.Батнайрамдал. Монголын тал Оюу толгойн бүлэг ордын 30 хувийн нөөцөөс ямар ашиг орлого авахаа тодорхой болгох ёстой

РиоТинто, “Онтре” ХХК хоёр эдийн засгийн үр ашгаа хуваахаар гэрээгээ баталгаажуулахад Монголын эрх ашиг гадна нь үлдсэн. Энэ асуудлыг Монголын тал яаралтай ойлгомжтой болгох ёстой гэсэн байр суурийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал илэрхийлээд буй. Тэрээр өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулт тавьсан. Засгийн газраас асуултын хариуг 14 хоногийн хугацаанд багтааж өгөх ёстой. Асуулт тавих шалтгаанаа тэрээр маш тодорхой тайлбарлаж байгаа юм.

“Канад улсын Ванкувер хотын арбитрын шүүх дээр одоогоос дөрвөн сарын өмнө буюу 2024 оны арванхоёрдугаар сарын 19-нд  “Онтре” ХХК нь Рио Тинто компанитай шүүхдээд ялсан” гэсэн мэдээллийг сайт дээрээ гаргасан байна. Олон улсын арбитрын шүүхээс “Онтре” ХХК-ийн хоёр лиценз дээр 2004 онд байгуулсан “Ашиг хуваах гэрээ”-г эцэслэх хүрээнд “Хамтран ажиллах гэрээ”-г баталгаажуулах, “Онтре” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авахыг “Оюу толгой” компанид үүрэгжүүлж, үүнтэй холбоотой татвар, хураамжийг төлөхийг үүрэг болгон шийдвэрлэсэн.

Оюу толгойн нийт орд таван лицензтэй, үүний хоёрыг нь буюу нөөцийн бараг 30 орчим хувийг “Онтре” ХХК 2004 оноос хойш эзэмшиж ирсэн.

Жишээ нь, Оюутолгойн бүлэг ордын нийт нөөцийн зэсийн 24 хувь, алтны 42 хувь, мөнгөний 29 хувь, молибдений 94 хувь нь “Онтре”-н тусгай зөвшөөрлийн талбайд хамаардаг гэсэн үг. АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн шиг хэмжээтэй гэгддэг Оюу Толгойн ордын хамгийн том хүдрийн үргэлжлэл “Онтре” ХХК-ийн энэхүү хоёр лицензэд орсон байдаг. Тиймээс Рио Тинтотой хамтын ажиллагааны ашиг хуваах гэрээтэй юм. Энэ гэрээгээ албажуулахгүй 20 жил явж ирсэн. Тэгээд гэрээ нь албажихгүй болохоор энэ компани Рио Тинтотой 2022 онд Арбитрын маргаан үүсгэж, Арбитраас гэрээгээ албажуул гэсэн шийдвэр гарч 2025 оны хоёрдугаар сард албажуулсан байна. 

Энэ 76 хуудас гэрээ нь

“Онтре” ХХК-ийн вэбсайт дээр нээлттэй тавигдсан байгаа. Энэ мэдээг гарсан даруйд УИХ-ын гишүүн О.Батнайрамдал  Эдийн засгийн байнгын хороон дээр “Онтре” ХХК арбитрын шүүх дээр ялсан гэдгийг мэдэж байна уу, энэ нь манай улсын хувьд ямар нөлөөтэй байх талаар асууж байсан ч, хариулт авч чадаагүй. “Онтре” ХХК-тай тусдаа хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр байгуулах үндэслэлтэй. Монгол Улсын эрх ашгийн хувьд Үндсэн хуулийнхаа зарчим, Ашигт малтмалын тухай хуулиараа Оюу толгойн ордын 34 хувийг бид эзэмшдэг.

Гэтэл энэ хоёр лиценз дээр Монголын эрх ашиг байхгүй байсаар байна.

Рио Тинто, “Онтре” хоёр эдийн засгийн үр ашгаа хуваахаар гэрээгээ баталгаажуулахад Монголын эрх ашиг гадна нь үлдчихэж байгаа юм. Энэ асуудлыг Монголын тал яаралтай ойлгомжтой болгох ёстой. Тэгж байж бид Оюу толгойн бүлэг ордын 30 хувийн нөөцөөс ямар ашиг орлого авах нь ойлгомжтой болно. Тийм учраас Засгийн газар энэ дээр яаралтай шийдлээ гаргаж, гэрээ хэлцийн саналаа Улсын их хуралд оруулж ирэх хэрэгтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn