2021.11.04

Н.Наранбаатар: Энэ яамны чиг үүрэгт бүсчилсэн хөгжлийн бодлого, төлөвлөлт зайлшгүй байх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.04/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н. Наранбаатар:

Бусад яаман дээр байгаа олигтой ажлаа хийдэггүй эдийн засгийн хэлтсүүдийг Эдийн засгийн хөгжлийн яаманд оруулаад, төсөв орон тоог нэмээд явах нь зөв гэж харж байна. ТББХ-ны зарчмын зөрүүтэй саналаар сайдын чиг үүрэгт бүсчилсэн хөгжлийн бодлого, төлөвлөлттэй холбоотой заалт байхгүй байсан нь ороод ирсэн байна. Энэ бол тус яамны том бодлого байх ёстой.

Манай улс шиг том газар нутагтай, мал аж ахуйн салбар хөгжиж байгаа, нийт хүн амын тал нь нийслэлд амьдарч байгаа, үйлдвэр үйлчилгээ нэг газар төвлөрсөн энэ цаг үед бүсчилсэн хөгжлийн бодлого, төлөвлөлт зайлшгүй байх ёстой. Мөн чөлөөт бүс, хил залгаа боомтуудын хөгжлийн асуудал орж ирсэн нь сайн байна. Боомтын захиргаа байгуулна гэж яригдаж байгаа. Шинээр байгуулагдаж байгаа боомтын захиргааны хүний нөөц төсөв хаана тусгагдаж байна уу? Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдсанаар хөдөө орон нутагт нэг орон тоо шийдэж өгвөл сайн. Хөгжлийн бодлого тодорхойлсон боловсон хүчин хөдөө орон нутагт шаардлагатай байгаа. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариулсан юм.     

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn